Төрийн аудитын байгууллагын 2021 оны үйл ажиллагааны тайлантай танилцлаа
Төрийн аудитын байгууллагын 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, төрийн аудитын байгууллага 2021 оны үндсэн зорилтыг “Аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэх жил” гэж тодорхойлон тайлант хугацаанд зайнаас ажиллах аудитын горим, технологийн шийдлийг нэвтрүүлж, аудитыг цаг хугацаанд нь үр нөлөөтэй гүйцэтгэж, үр дүнг тайлагнан аудитын шийдвэрийн мөрөөр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласныг онцлоод УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлсэн дүн, гаргасан зөвлөмж, чиглэлийг тусган Төрийн аудитын байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 5 үндсэн бүлэг, 18 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр 133 багц арга хэмжээг төлөвлөн баталж, гүйцэтгэлийг жигд ханган хэрэгжүүлсэн гэдгийг дурдлаа.
Төрийн аудитын байгууллага 2021 онд 4134 аудитыг хийж дүгнэлт, тайлан гаргаснаас бүх шатны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн 3906 дүгнэлт гаргасан бол сэдэвчилсэн 228 гүйцэтгэл, нийцлийн аудитад 7174 шалгагдагч болон холбоотой хуулийн этгээдийг хамруулан төрийн хяналтыг хэрэгжүүлснийг дурдаад тайлант хугацааны аудитын дүнгээр 4.2 их наяд төгрөгийн алдааг аудитын явцад залруулан цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, 5.9 их наяд төгрөгийн зөрчилд төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийг хүргүүлж, зарим зөрчлийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлж ажилласан гэв.
Аудитын дүнгээр нийт 59.7 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 2.2 их наяд төгрөгийн албан шаардлагыг шалгагдагч этгээдэд хүргүүлж, үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцлийг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 10.0 мянга гаруй зөвлөмж өгсөн.
Аудитаар илэрсэн нийт илрүүлэлтийн 84.9 хувь нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, дотоод хяналт, хариуцлагатай холбогдож байгаа бол 11.2 хувь нь арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөө, хууль, тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой асуудал эзэлж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн болон орон нутгийн төсвийн төсөлд санал өгөх чиг үүргийн хүрээнд орлого нэмэгдүүлэх чиглэлээр нийт 166 асуудал бүхий 93.7 тэрбум төгрөгийн, зардал бууруулах чиглэлээр 262 асуудлаар 51.1 тэрбум төгрөгийн санал боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлсэн бол орлого нэмэгдүүлэх чиглэлээрх 26.2 тэрбум төгрөгийн 110, зардал бууруулах чиглэлээрх 22.1 тэрбум төгрөгийн 124 санал холбогдох шатны төсвийн хэлэлцүүлгийн явцад хэрэгжлээ. Тайлант хугацаанд улс, орон нутгийн төсөвт 53.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, шалгагдагч байгууллагаас 757.3 тэрбум төгрөгийн үр өгөөжийг хүлээн зөвшөөрсөн нь Төрийн аудитын байгууллага төсвөөс авсан “Нэг” төгрөгийн санхүүжилт тутамд 31.3 төгрөгийн үр өгөөжийг бий болгосон байна гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдсан.
Мөн тэрбээр, Төрийн аудитын байгууллага 2021 онд Ковид-19 цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн арга хэмжээний үр дүнд бодит цагийн аудитыг гүйцэтгэн дүгнэлт, зөвлөмжийг тухай бүр нь хүргүүлж, хэрэгжүүлэн ажиллалаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу төрийн байгууллагуудын Шилэн дансны бүртгэлд байнгын хяналтыг хэрэгжүүлэх бүтцийн нэгжийг байгуулж, тус хуулийн хэрэгжилттэй холбоотой илрүүлэлт, дүн, дүгнэлтийг нэгтгэж тайлагнах цахим системийг нэвтрүүлэв.
Төрийн аудитын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, үр нөлөөтэй мэдээлэх “Нээлттэй аудит” мэдээллийн портал сайтын үйл ажиллагааг эхлүүлснээр аудитад иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх цаашлаад сайн засаглалыг бэхжүүлж, иргэдтэй эргэх холбоотой ажиллаж, тэдний санал хүсэлтийг нь хүлээн авах байнгын тогтолцоог бүрдүүлсэн чухал алхам боллоо.
Төрийн аудитын хянан удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, аудитын бүхий л шатанд хяналтын үр нөлөөг дээшлүүлж улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжсэн, илүү үнэ цэнтэй, үр өгөөж өгөхүйц аудитыг гүйцэтгэхэд чанарын хяналтын үр нөлөөтэй тогтолцоог хөгжүүлэхийг чухалчлан 2022 оныг “Аудитын чанарын хяналтын үр нөлөөг сайжруулах жил” гэж тодорхойлсныг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцолсон.
Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn