Борнуур сумын тариаланчид, фермерүүд, хүлэмжийн аж ахуй эрхлэгч нартай уулзлаа
Борнуур сумын Эдийн засгийн үндсэн салбар газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцлаа. Тус суманд энэ онд үр тариа 1200 га, төмс 800 га, хүнсний ногоо 400 га, ногоон тэжээл 1500 га-д тус тус тариалахаар ажиллаж байна.
Өнжин 4-р багийн фермер Б.Эрдэнэбаярын фермийн аж ахуйтай танилцлаа. Тэрээр 2015 оноос эрчимжсэн мал аж ахуй эрхэлж, одоогоор 80 гаруй үхэртэй, үүнээс сименталь үүлдэрийн үхэр дийлэнх хэсгийг эзэлдэг байна. Өдөрт дунджаар 1 саалтаас 8 литр сүү гарган авч байгаа бөгөөд үхрийн амин дэмийн дутагдалыг нөхөж, сүүний гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр шинжлэх ухааны тооцоо, судалгаатай сайн чанарын тэжээл хэрэглэх талаар зөвлөлөө.
Энэ чиглэлээр өнөөдөр суманд ажиллах үеэр Bayalag feed тэжээлийн үйлдвэрээс 4 тн тэжээл сумын фермерүүдэд олгосон бөгөөд ойрын хугацаанд тэжээлийн цехээ суманд байгуулахаар болсныг фермерүүд маань талархан хүлээн авч байна.
Дараа нь Бичигт 3-р багийн Арангат Баянхангай хоршоо -ны сүү бэлтгэн нийлүүлэгч нартай уулзлаа. Тус хоршоо нь 2020 оны 8 сараас үйл ажиллагаа явуулж эхлэн Сүү Хувьцаат Компани | SUU JSC -тай гэрээ байгуулан 5 тн хөргүүртэй сүүний танк ашиглан 30 гаруй өрхөөс өдөрт дунджаар 2 тн сүү бэлтгэн нийлүүлдэг байна. Хоршоолол эрхлэгч нартай үхрийн үүлдэр, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр зохиомол хээлтүүлгийг чанарын өндөр түвшинд хийх, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн асуудлыг УИХ, Засгийн газрын бодлого, хөтөлбөрт тусгуулах чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын хамт Бичигт 3-р багийн иргэн Б.Агваансодномын хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Тэрээр 2004 оноос хүлэмжийн аж ахуй эрхэлж, одоогоор 2900 м2 талбайд 16 нэр төрлийн ногоо тариалж байна. Цаашид хүлэмжийн тариалалтыг жилийн 4 улиралд явуулах, орон нутгийн онцлогт нийцүүлэн, хүлэмжийн аж ахуйн тариалалтын шийдлийг зөв тодорхойлох талаар санал солилцлоо.
Эдгээр уулзалтын үр дүнд аймаг, сумын удирдлагуудын хамт Борнуур суманд хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг хангах чиглэлээр тусгай төлөвлөгөө гарган хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn