21-р хороонд үүссэн хур хогийн цэгийг устгаж, ойжуулах ажлыг эхлүүлнэ
Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Хүй 7 худгийн морь барианы ард, Баян-Өндрийн чанх урд, Баян-Өндөрийн зүүн тал, Давааны зөрлөгийн төмөр зам дагуу, Засмал төв замаас салаад хайрганы карьерын ухсан нүхний ойролцоо таван байршилд их хэмжээний хур хогийн цэг үүссэн бөгөөд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн өгсөн үүргийн дагуу хог цэвэрлэгээний “Улаанбаатар шинэчлэл” ХХК-тай хамтран нийт 8 га газрын 20 мянган мкв 9 мянган тонн хур хогийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөж байна.
Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнөөдөр /2022.05.05/ 21-р хорооны Засаг дарга Б.Энхням болон тус хорооны 12 хэсгийн ахлагчдыг хүлээн авч уулзлаа. Тус хороо нь мал бүхий суурьшлын бүс бөгөөд газар нутгийн хувьд хэсгийн бүтэц таруу, хүн амын хувьд сүүлийн жилүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал, малтай өрхийг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх болсонтой холбоотойгоор өсөж буй юм.
Үүнтэй холбоотойгоор мал бүхий иргэдийн малын гаралтай хог хаягдлын асуудлыг тооцож, шийдвэрлээгүйн улмаас эзэнгүй газруудад үхсэн малын сэг зэм, ашиглагдахгүй өтөг бууц асар ихээр хаяж үүсмэл хогийн цэгүүд үүсэх болсон. Дүүргийн Засаг дарга тус хорооны удирдлага, хэсгийн ахлагч нартай уулзах үеэрээ “Хоггүй хороо” болох уриаг дэвшүүлж өрх бүртэй нэг бүрчлэн уулзалт хийн, ил задгай хог хаяхгүй байх зөвлөмжийг өгч ажиллахыг санууллаа. Хур хог үүссэн газрыг цэвэрлэсний дараа тухайн газрыг арчлах, хамгаалах тал дээр цагдаагийн газар, газар зохион байгуулалтын алба, 21-р хороо, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллана гэдгээ хэлэв.
Мөн уулзалтын үеэр удирдлагаар шуурхай шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлын талаар санал солилцож, хэд, хэдэн шийдэлд хүрэв.
Уулзалтын үр дүнд:
- 21-р хорооны айл өрхүүдийн ахуйн хог хаягдлыг “Улаанбаатар шинэчлэл” ХХК сард хоёр удаагийн давтамжтайгаар ачиж тээвэрлэж байх,
- Хур хогийн цэг үүссэн талбайг цэвэрлэж “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулах,
- Оршин суугчдыг малын гаралтай болон ахуйн хог хаягдлыг ил задгай хаяснаар орчны бохирдол үүсгэж буй хор уршгийг таниулах,
- Орчны бохирдол үүсгэхгүй байхад иргэдтэй хамтарч ажиллах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,
- Хог хаягдлын менежменттэй холбоотой хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn