Л.Энх-Амгалан: "Ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент" төслийн үр ашгийг нутгийн иргэд хүртэх ёстой
2022.04.06

Л.Энх-Амгалан: "Ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент" төслийн үр ашгийг нутгийн иргэд хүртэх ёстой

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут/Марк хот, Хөвсгөл аймгийн Мөрөн хотуудын тогтвортой хамтын ажиллагааны хүрээнд Мөрөн хотод "Ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент" төслийг хэрэгжүүлж эхэлсэн .

Германы талын Төслийн нийт санхүүжилт 159,903.00 евро, Монгол талын хөрөнгө оруулалт зайлшгүй байх шаардлагатай гэсэн Мөрөн сумын тухайн үеийн удирдлагуудын хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан Улсын төсөвт 1,5 тэрбум төгрөг тусгуулж хог хаягдлын менежмент төслийг мөрөн суманд 2019-2021 онд хэрэгжүүлж дууссан.

Мөн 2022 онд Мөрөн хотын хогийн төв цэг дэх төвлөрсөн хог хаягдлыг Ландфиллийн аргаар байгаль орчинд хоргүй, утаагүй, хүрээг нь хумих ажлыг гүйцэтгэх 130 сая төгрөгийн төсөвт өртгөөр ТЭЗҮ хийлгэж байгаа. Энэхүү зургийн дагуу төсөл хэрэгжүүлснээр Мөрөн хотын хогийн цэг утаагүй, хог нь хүрээгээ тэлэхгүй байх боломж бүрдэнэ.

Өнгөрсөн жил Мөрөн хотын ногоон байгууламж, хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдэх талаар Шинжлэх ухааны хүрээлэнгээс баг томилж ажиллуулсан байна. Үүний дагуу эрдэмтдийн судалгаанд үндэслэсэн зөвлөмж, ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлүүд гаргахаар ажиллаж байна.

Герман улсын Барут/Марк хотын удирдлагуудын зүгээс шинээр Хөвсгөл аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн коллежтой хамтран “Бидний байшин” Сургалтын төвийн шинэ цех байгуулахаар төлөвлөжээ. Тус цехед орон сууцны болон албан байгууллагын гадна байрлуулах хог хаягдал ялган ангилах сав, гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг ангилан ялгах тусгай зориулалтын чингэлгийг үйлдвэрлэх бөгөөд тэдгээр савуудыг хотын төвийн ойролцоох бүсүүдэд байршуулах болсон байна.

Ингэснээр ялган ангилагдсан түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, хог хаягдлын хэмжээг багасгаж, хогийн цэгийн ачааллыг багасгана. Төслөөр хийгдсэн түүхий эд цуглуулах савнууд байрлуулсан газруудад нь хог хаягдлыг ялган ангилах мэдээллийн цэг байна.

Мөрөн хотын иргэдэд хог хаягдлыг ангилан ялгах чиглэлээр үнэмлэх бүхий сургалтанд сууж бэлтгэгдсэн 30 иргэн буюу “Түүхий эдийг ангилан ялгах талаар мэдээлэл түгээгч” нараар дамжуулан сургалт, мэдлэг мэдээлэл дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулагдана.

Төслийн нэг хэсэг болсон иргэдийн анхаарлыг хандуулах үйл ажиллагаануудад хог бол түүхий эд юм, хог хаягдлын ялган ангилалт, компосс / бордоо /, хог хаягдлаас зайлхийх гэсэн сэдвүүдтэй холбоотой сургалтуудыг Монгол мэргэжилтнүүдээр дамжуулан хийнэ.

“Дэлгэрмөрөн цогцолбор” сургууль нь сурагчдад хог хаягдлын талаар мэдлэг олгох чиглэлээр сургалтын хөтөлбөрт оруулах жишиг төсөл хэрэгжүүлж "Хог" сэдвийг хөндөж, нас насны онцлогт тохирсон гарын авлага, товхимолуудыг бэлтгэж, сургалтын орчин бүрдүүлэх ажлыг хийнэ,

Төслийн бүх үйл ажиллагаа нь Мөрөн хотын иргэдийн дунд хог бол үнэ цэнэтэй түүхий эд юм гэсэн ойлголтыг дээшлүүлэх, хогийн цэг рүү ачигдах дахин боловсруулах түүхий эдийн хаягдал болон нийт хог хаягдлын хэмжээг мэдэгдэхүйц бууруулах ач холбогдолтой.