Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн хамтарсан Ажлын хэсэг байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэл Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжит бүтцийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгалаа.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр байгуулбал 2024 оноос нийт хог хаягдлын 31,8 хувийг шатаах үйлдвэрт устгаж, төвлөрсөн хогийн цэгт дарж булж байгаа хог хаягдлыг мөн хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хот 2040 он гэхэд нийт хог хаягдлын 50 хувь буюу дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулалтад оруулах боломжгүй 42 хувийг шатааж устган эрчим хүч гарган, төвлөрсөн хогийн цэгийн ландфилд дарж булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зорилт тавьж ажиллаж байна.