Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.05.04

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.05.04) хуралдаан 14 цаг 20 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, тус яамны зүгээс олон улсын тээвэрлэлтийн эрх зүйн орчинг сайжруулах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, автотээврийн салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсад мөрдөгдөж буй эрх зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх, Монгол Улсын тээвэрчид, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалахын тулд холбогдох олон улсын байгууллагуудаас зөвлөмж болгосон гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох чиглэлээр анхаарч ажиллаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын олон улсын тээвэрлэлтийн гэрээ, хэлэлцээрийн нэг болох олон улсын тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын горимыг мөрдөх, хөдөлмөрийн нөхцөлийг хангах “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)”-т нэгдэн орохоор уг хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсныг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэх тухай Засгийн газрын хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр тэмдэглэл гарсныг онцлов.

Уг хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсноор, олон улсын болон үндэсний хэмжээнд ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч, тээвэрчдийн ажил, амралтын дэглэм мөрдөгдөх, хөдөлмөрийн нөхцөл, шаардлага хангагдах, тээврийн аюулгүй байдлыг хангах, өөрийн улсын болон бусад улс орнуудын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний осол, зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тээвэрлэлтийн ажил үйлчилгээнд олон улсын жишигт нийцсэн техник технологийг ашиглах, түүгээр дамжуулан тээвэрлэлтийн гүйцэтгэлд хяналт тавих, Монголын тээвэрчид гадаад улс орнууд руу тээвэрлэлт гүйцэтгэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх зэрэг олон давуу талтай гэдгийг Л.Халтар сайд танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хамт Автотээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Энх-Амгалан, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан олон улсын 50 гаруй орон нэгдсэн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд 34500 зам тээврийн осол гарснаас 97,2 хувь нь жолоочийн буруутай үйлдэлтэй холбоотой гэсэн статистик мэдээллээс дурдаад жолоочийн ур чадвар, мэргэшил ийм байхад олон улсын тээвэрлэлт хийхэд хүндрэл үүсэх эсэх, жолооны сургалтын агуулга, тогтолцоог шинэчлэхэд баримталж буй бодлогын талаар лавлав. Мөн олон улсад тээвэрлэлт хийхэд ашиглалтын шаардлага хангасан автомашины бэлэн байдлыг хангахад хэрхэн анхаарч ажиллаж байгааг тодруулсан.

Нэгдэн орж буй энэ хэлэлцээр нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс жолоочийн ажил, амралтыг дижиталаар бүртгэнэ гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хариултдаа онцлоод гэрээ, хэлэлцээрийн хүрээнд бид Европын холбооны даатгалын ногоон картын системд нэгдэн орохоор Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байна гэв. Мөн олон улсын тээвэрлэлт хийх жолоочийн хувьд цагдаагийн байгууллагаас олгодог жолоодох эрхийн үнэмлэхээс гадна, мэргэшсэн жолоочийн хөтөлбөрт хамруулж шалгалт өгч үнэмлэх олгоно. Цаашдаа хүний оролцоо бага байх механизмыг бүрдүүлэхээр “Аюулгүй жолоодлогын төв” гэсэн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, Европын холбооны улсуудтай хийж байгаа хэлэлцээрт манайхаас европруу явж байгаа тээвэрлэлтэд “Евро-5”-аас дээш стандартын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахаар заасан. Тээвэрлэлт хийх шинэ автомашин худалдан авахад үнэ өртөг нь өндөр байгаа тул бид европт багахан ашиглагдаж байсан стандартын шаардлага хангасан автомашинуудыг авч ашиглаж байна. Цаашдаа автомашины парк шинэчлэлийн асуудалд тодорхой төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэсэн тайлбарыг өгсөн.

Ингээд “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

Иймд энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn