Хуулийн төсөл: Бооцоот морин уралдаанд оролцогчоос ХХОАТ-т 20 хувийг суутгана
2022.05.04

Хуулийн төсөл: Бооцоот морин уралдаанд оролцогчоос ХХОАТ-т 20 хувийг суутгана

"Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр /2022.05.03/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

"МОНГОЛЧУУД ЖИЛД 20 ТОНН АЛТ БОРЛУУЛЖ, 7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ҮРДЭГ"

Хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар оролцож, илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр бооцоот морин уралдаанаар эдийн засгаа солонгоруулах боломжтой гэдгийг онцлоод "Монголчууд жилд 20 тонн алт борлуулж гадаад валют болгодог. Тэр нь 900 орчим ам.доллар. Гэтэл бид жилийн хэрэгцээндээ 7 тэрбум ам.долларыг  үрдэг ард түмэн. Цаашид газраас авч байгаа баялаг байнга 20 тонноор гарч ирэх үү гэдэг эргэлзээтэй. Бид зориг гаргаад заавал нэг юмыг эхлүүлэх ёстой гэж бодож байна" гэв.

Мөн "Хонконгийн эдийн засгийн нэлээд хувийг морин бооцоот уралдааны холбоо нь бүрдүүлдэг юм билээ. Тодруулбал, нэг уралдаан зохион байгуулахад нийт бооцооны 75-80 орчим хувийг улсын төсөвт төвлөрүүлж авдаг. Улсын төсөв нь уул уурхайгаас 90 хувийн хамааралтай Монгол Улсын хувьд эдийн засгаа солонгоруулж, аялал жуулчлалыг татах нэг хэлбэр нь яах аргагүй бооцоот морин уралдаан.

Хонконгт нэг уралдаан зохион байгуулахад нийт бооцооны 75-80 орчим хувийг улсын төсөвт төвлөрүүлж авдаг.

Бид морины асуудлаа ярьж сүүлийн 20 гаруй жил маргалаа. Эхлээд морио зурхайд нь хүргэж эргүүлж чаддаггүй байсан. Төхөөрөмжтэй болоод маргаан тасарсан. Дараа нь жинхэнэ монгол адуу, эрлийз морь мөн биш гэж маргаад олон жилийг ардаа үдлээ. Дэлхий нийтийн шийдэл нь сонгодог, морин тойруулгын уралдаан байна. Энэ нь нэг талдаа иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нөгөө талд эдийн засгаа солонгоруулахад маш том түлхэц өгөх, татварын орлого бүрдэх, хүн төрөлхтний бий болгосон морины томоохон соёлыг Монголд нутагшуулах давуу талтай" гэж ярилаа.

Морин уралдаанд бооцоо тавигчаас хувь хүний орлогын албан татварт 20 хувийг суутган авахаар хуулийн төсөлд тусгажээ. Улмаар уралдааны орлогоор хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, Улаанбаатар хотын түгжрэлд тодорхой хувийг зарцуулах. Эсхүл бүгдийг улсын төсөв төвлөрүүлэх хувилбар яригдаж байгаа аж. 

"МОРИН УРАЛДААН, НААДАМ ХОЁРЫГ САЛГАЖ ХӨГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН"

"Монголын морин тойруулга богино зайн уралдаан уяачдын холбоо" ТББ-ын тэргүүн Р.Гантулга "Манайх 2021 онд үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид монголд орж ирж байгаа цэвэр цусны адууг бүртгэлжүүлэх, түүний төлийг гэрчилгээжүүлэх, Монгол Улсад морин тойруулга, ойрын зайн уралдааныг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй. Мөн үүнд тулгуурлан унаач буюу жокей бэлтгэх зорилготой ажиллаж байна.

Үйл ажиллагаагаа эхлээд 2021 оны гуравдугаар сард Улаанбаатар хотод 18 насны 20 мэргэжлийн жокейг бэлтгэж, мэргэжлийн үнэмлэх олгосон. Гэвч манайд мэргэжлийн жокейг бэлтгэх хуулийн заалт байхгүй юм билээ. Ингээд циркийн жүжигчин гэсэн ангилал дээр жокейг бэлтгээд Хүй долоо худагт дөрвөн километрийн богино зайн уралдааныг хийсэн. Бид 2014 оноос АНУ, Япон, Хонконг улсад очиж морин тойруулгыг судалж байсан. Манай улсад өнөөдөр бооцоот морин уралдаан зохион байгуулах хуулийн төслийг ярьж байгаад баяртай байна. Морин уралдаан, наадам хоёрыг ялгаж хөгжүүлэх цаг болсон.

Мөн морин уралдааны хуулийг санаачлан гаргамаар байгаа юм. Бүх юм баяр, наадмын тухай хуулиар л явдаг" гэдэг санал дэвшүүлэв.