Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа
2022.04.16

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр /2022.04.16/ боллоо.

Энэхүү арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 250 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, эцэг эх, асран хамгаалагчдад Сэтгэлзүйн болон Хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн баг хамт олон өгч байна.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих, эцэг эх, асран хамгаалагчдын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх юм.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 1012 хүүхэд байдаг. Үүнээс байнгын асаргаа, сувилал шаардлагатай 930 хүүхэд бүртгэгдсэн. Тиймээс цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүйн асуудал болон, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн холбогдох шатны төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна.

Цаашдаа энэ төрлийн үйл ажиллагааг улам сайжруулж, үйл ажиллагааны нэр төрөл, цар хүрээг нэмэгдүүлэхээр зорин ажиллана. Өнөөдрийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, “Гүүд нэйборс” Олон улсын төрийн бус байгууллага, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, “Сүү” ХХК-ийн хамт олон хамтран зохион байгууллаа.