Өсвөрийн 1100 гаруй жүдоч хүч үзэж байна
2011.04.27

Өсвөрийн 1100 гаруй жүдоч хүч үзэж байна

Энэ жил Монголын Жүдо бөхийн холбооны 40 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд олон цуврал тэмцээнүүд, жүдо бөхийн спортыг Монгол Улсад эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа. Энэ сарын 27-28-нд Яармагийн дэнж дэх шинэ спорт цогцолборт Жүдо бөхийн өсвөрийн УАШТ болж байна. Тэмцээний нээлтэд Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, тус холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, дэд ерөнхийлөгч нар нь оролцож баяр хүргэж тамирчдад амжилт хүслээ.


Энэ удаагийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 54 байгууллага, спорт клубын 1100 гаруй тамирчин оролцож, бараг бүх аймаг, зарим сумаас хүүхэд багачуул ирж хүчээ сорин, тэмцээний хамрах хүрээ жилээс жилд тэлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ихэд сайшаан тэмдэглэлээ. Харин Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Энэ тэмцээнд 7-18 насны хүүхэд залуус оролцож байгаа. Та бүхэн өнөөдөр өсвөрийн улсын аваргад оролцож байгаа нь ирээдүйд олимп, дэлхийн аварга болох эхлэлээ тавьж байгаа юм. Энэ тэмцээнд өрсөлдөхөөр ирсэн 1100 гаруй тамирчдын дунд Монгол Улсынхаа  төрийн дууллыг эгшиглүүлж дэлхийн тавцанд алтан соёмбот далбаагаа мандуулах олон тамирчин байгаа гэдэгт итгэж байна.” Гэсэн юм. Жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргана.

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.