2022.03.18

Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв” ашиглалтад орлоо

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар тойрогтоо ажиллах хүрээнд өнөөдөр/2022.03.18/ Замын-Үүд суманд ажиллаж байна.

“Эрүүл мэндийн дэмжих төв" нь 14 сумын ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг иж бүрэн үзүүлэх төв юм.

Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулахаар 350 сая төгрөгийн засвар үйлчилгээ, 1.5 тэрбум төгрөгийн зөөврийн эхо, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, нүдний кабинетад шаардлагатай багаж тоног төхөөрөмж, ясны сийрэгжилт үзэх аппарат, тархины доплер, уян дурангийн иж бүрдэл, компьютер томограф, чих хамар хоолойн кабинетад шаардлагатай багаж тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдлээ.

Иргэд, үйлчлүүлэгчид тус төвд хандсанаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдаж аливаа өвчлөлийг эрт илрүүлж, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байна.

Тусламж үйлчилгээний үндсэн чиглэл нь:

 - Хувь хүн, албан байгууллага, хамт олонд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх

 - Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх өдөрлөг, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх

 - Төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлэх, Эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо, шинжилгээ өгөхөд тус тус чиглэгдэж байна.