2022.03.18

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тойрогтоо ажиллах хүрээнд /2022.03.18/ Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ, Өргөн сумдын ард иргэдтэй уулзаж, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг даргын орлогч Г.Март нарын хамт тухайн суманд тулгарч буй асуудлаар уулзалт зохион байгуулж, цаашид хэрхэн хөгжүүлэх боломжийн талаар санал бодол солилцлоо.

Уулзалтын үеэр төр засгийн өнөөгийн бодлого, шийдвэр, УИХ-ын гишүүний үйл ажиллагааны талаар танилцуулан, орон нутгийн бүтээн байгуулалт, цаашид хийгдэх ажлыг танилцуулав.

Мөн, сургууль цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт “Боловсролын шинэчлэл” сургалтыг аймгийн нутгийн зөвлөлийн боловсролын салбарыг хариуцсан зөвлөх багш, “Орон нутгийн боловсролын шинэчлэл” төслийн удирдагч С.Отгонтуяа удирдан явууллаа.

Түүнчлэн, жолооч тээвэрчидтэй тусгайлан  уулзаж, тулгарч буй асуудлын талаар сонсож, Тээврийн цагдаагийн албаны орон нутаг хариуцсан дарга, хурандаа М.Отгонбаяр,  Авто тээврийн үндэсний газрын Замын-Үүд дэх салбарын дарга н.Болор-Эрдэнэ нар асуултуудад хариулт өгч, зарим асуудлыг судлахаар болсон байна.

Замын -Үүд сумын Онцгой байдлын газарт ажлын хэрэгцээнд  хоёр автомашин гардуулж, Цагдаагийн газрын ажил байдалтай танилцаж, Цэргийн баярт зориулж хүндэтгэл үзүүллээ.

Мөн эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй ажилласан орон нутгийн нэр бүхий иргэдэд Төрийн одон медаль гардуулж, мал сүргээ тогтвортой өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан “Аймгийн аварга малчин” болон салбарын тэргүүний цол тэмдгээр тус тус шагнагдсан малчин өрх, иргэдэд шагнал гардууллаа.