“Шинэ сэргэлтийн бодлого”-ын анхны хэлэлцүүлэг боллоо
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын анхны хэлэлцүүлэг орон нутагт, тодруулбал Эрдэнэт хотод энэ сарын 11-нд болов. Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахад талууд нэгдсэн ойлголцолд хүрэх, өөрсдийн байр суурь, оролцоогоо ил тод, нээлттэй илэрхийлэх нь төр, хувийн хэвшлийн түншлэл бэхжих, нягтрах эхлэл юм. Үүнд л зориулсан гэж хэлж болохуйц “Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форумыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санаачлан зохион байгууллаа.
“Шинэ сэргэлтийн бодлого” болон энэ оны төсвийн шинэчлэлийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, энэ хаврын УИХ-ын чуулганаар шинээр хэлэлцэх хуулийн төслүүдийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Төрийн өмчит компаниудын үүрэг, оролцоог Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Салбар хоорондын уялдаа, холбоог Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр нар “Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форумын эхний хэсэгт танилцуулав.
Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаг алдалгүй шийдвэрлэхээр зорьж байгааг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форумын нээлтийн үеэр онцолсон юм.
Дээрх бодлогын үр дүнд боомтын хүчин чадал 3 дахин, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин, эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэх учиртай. Ийм хүлээлт, зорилго дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” хөгжлийг дэмжих мега төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Тухайлбал, 20 багц төсөл, 94 дэд төслийн асуудал энд яригдаж буй. Урьдчилсан байдлаар нийт санхүүжилт 100-120 орчим их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Төслүүдийг дан ганц улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, байгуулах нөөц, боломж хомс. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, оролцоо хөгжлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд чухлаар тавигдаж байгааг тэмдэглэсэн. Тиймээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг 9 бүлэг, 60 зүйлтэй боловсруулж дууссаныг форумаар танилцуулсан юм. Хуулийн төслийн зорилго маш тодорхой. Хөгжлийн төслүүдийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэх, Хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, хувийн хэвшилд бизнесийн зах зээл нээж өгөх, Санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүртээмж, ил тод, нээлттэй, тогтвортой, хариуцлагатай түншлэлийг хөгжүүлэхэд чиглэжээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин томрох учиртай. Өөрөөр хэлбэл, нэг хүнд ногдох орлого 6250 ам.долларт хүрэх юм. Эдийн засгийн цар хүрээ тэлэх, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах “Шинэ сэргэлтийн бодлого” хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийн нэг нь Аж үйлдвэржилт. Үүнийг орхигдуулж ирсний уршгаар уул уурхайн эрдэс баялгаа бид боловсруулж, баяжуулж, эцсийн бүтээгдэхүүн болгох бус шууд түүхийгээр нь экспортолж байгаа. Эдийн засагт, улс болон орон нутгийн төсөвт, өрх, аж ахуйн нэгж, хувь хүнд хүртэл очих боломжтой орлогын боломжоо давхар, давхар алдаж ирсэн.
Тэгвэл “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гол “зүтгүүр” нь байхаа илэрхийллээ. Гадаад зах зээлийн эрэлт, хэрэгцээ өндөр, зэсийн ханш тогтвортой, худалдааны маш сайн хэлцлүүд байгуулж, үр ашигтай зохион байгуулалт хийж чадсан нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2021 онд гэхэд улс болон орон нутгийн төсөвт 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ. Үүнээс гадна өнгөрсөн оны турш айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус хангамж, хог хаягдлын төлбөр, хураамжийг бүрэн хариуцсан. Үүнд үйлдвэрийн зүгээс нийт нэг их наяд төгрөгийг зарцуулсан байна. 2017 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр”-ийн улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүн тасралтгүй нэмэгджээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аль ч улсын эдийн засгйи хөгжлийн үндэс нь аж үйлдвэржилт. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого бол манай улсын зуун дамнасан бодлогын үргэлжлэл юм. Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүүтэй хийж чаддаг байсан зүйлээ сэргээх нь чухал. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна” хэмээн УИХ-ын чуулганы индрээс мэдэгдэж байсан юм.
Тэгвэл “Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форумаар “Эрдэнэт үйлдвэр” ойрын хугацаанд буюу 2025 он хүртэл хэрэгжүүлэх 22 төслөө танилцуулж, шаардлагатай санхүүжилтийн 50 хувийг өөрсдийн борлуулалтын орлогоос, үлдсэнийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хямд санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглах замаар бүтээн босгох их ажил руу орж байгаагаа дуулгасан юм. Төслүүдийн нийт санхүүжилт урьдчилсан байдлаар 2 тэрбум ам.доллар аж.
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм нь ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхойлсон. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах үйлдвэр, Фосфорын бордооны үйлдвэр, Дагалдах бусад химийн үйлдвэр “Үйлдвэр, технологийн парк байгуулах цогцолбор” төслийн хүрээнд сүндэрлэн босох нь. Ирж яваа цагийн өнгийг тодотгох “Эрдэнэт үйлдвэр” аж үйлдвэржилтийг ахиулах зорилтоо дээрх төслүүдээрээ бататгав. Эцсийн үр дүн нь, аж үйлдвэржсэн Монгол Улсыг цогцлоох билээ. Эдийн засгийн чуулган ирэх сарын эхээр болно. Үүний өмнөх бодлогын хэлэлцүүлэг аж үйлдвэрийн салбараас эхэллээ. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулагдах “Үйлдвэр, технологийн парк байгуулах цогцолбор” төсөл хөрөнгө оруулагчдын анхааралд шилжиж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам нарийн шаардах нь.