2022.01.18

Ж.Сүхбаатар: Элчин сайдын яам үүднээсээ ороход хөндий хүйтэн байж болохгүй

УИХ-ын чуулганы /2022.01.18/-ны өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Нэр дэвшигчдийн материалтай танилцлаа. Манай Тамгын газар төрийн албан хаагчийн анкет дээр анхаарах зүйлс байна. Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар, Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаарыг анкет дээрээс хасах хэрэгтэй.

Нэр дэвшигч Д.Гэрэлмаа, Э.Сарантогос нарт хэлэх зүйл алга. Хамгийн багадаа 20 жил ажилласан туршлагатай хүмүүс. П.Сэргэлэн нэр дэвшигчийн тухайд сэргэлэн ажиллаарай гэж хүсэх байна. Кувейт бол Персийн булангийн орнууд. Манай улс Кувейттэй идэвхтэй харилцаа холбоотой явьж ирсэн. П.Сэргэлэн нэр дэвшигч аж ахуй, эдийн засгийн чиглэлээр ажиллаж байсан учраас зөв томилгоо болсон гэж харж байна.

Гадаад харилцааны сайдаас асууя. Дотоод хяналт шалгалт яаж явдаг юм бол? Иргэдийн өргөдөл гаргах журам ямар байна вэ?

Элчин сайдын яам гэхэд үүднээсээ ороход хөндий хүйтэн байж болохгүй. Иргэнд үйлчлэх байгууллага байх ёстой.

Түүний асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариуллаа.