Н.Учрал: Ашигт малтмалын лиценз, дархан цаазтай газрыг хэн эзэмшиж байгааг хуулиар ил болгоно
УИХ-аар хэлэлцэж буй Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хүрээнд УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа. Тэрбээр Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа билээ.
-Та Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан. Хуулийн төсөлд ямар өөрчлөлт оруулахаар боловсруулсан бэ?
-Иргэд ямар нэгэн тодорхой зорилготой жагсаал цуглаан зохион байгуулах ёстой. Жагсаал зохион байгуулагчид нь эмх замбараагүй байдал бий болгох, улстөрчсөн сэдэлтэй байж болохгүй. Иргэд жагсаал зохион байгуулах үед нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс төр анхаарал хандуулж оролцдог. Сүүлийн үед хүний жам ёсны эрхийг зөрчих үзэгдэл нэлээд гарах болсон. Үндсэн хуулиар итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхийг олгосон. Гэтэл өнөөдөр жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг. Тодруулбал, жагсаал цуглаан хийх гэж байгаа талаараа Засаг даргад заавал хүсэлт өгдөг.
Хүсэлт өгөөд гурав хоногийн дотор Засаг дарга үндэслэлийг нь нягтлаад зөвшөөрөл олгодог, эсвэл зөвшөөрдөггүй. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулж, иргэд жагсаал цуглаан зохион байгуулах бол тухайн шатны Засаг даргадаа зөвхөн мэдээлэл хүргүүлж, бүртгүүлдэг байхад л болно. Зөвшөөрөл авч байгаа нь иргэд жам ёсны эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалд хүргэж байна. Иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа тохиолдолд төр тэдний аюулгүй байдлыг л хангаж ажиллах ёстой. Харин эрхээ эдэлж жагсахад нь болно, болохгүй гэж зөвшөөрөл олгодог байж болохгүй. Жагсаал цуглаан хийх эрхийг бид нээж байж хүний эрхийг дээдэлдэг улс болох ёстой.
Нөгөө талдаа иргэд, жагсаал зохион байгуулагчид хүндэтгэлтэй хандах ёстой. Төрийн өмнөөс үүргээ хэрэгжүүлж буй цагдаа, иргэний хооронд зөрчилдөөн гаргаж болохгүй. Д.Монголхүү, Э.Одбаяр нарын хувьд жагсаал зохион байгуулсантай холбоотойгоор тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй гэж ойлгож байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээг ямар тохиолдолд авах вэ гэдэг тодорхой хуулийн заалтууд бий шүү дээ. Тодорхой зөрчил гаргасан учраас таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж ойлгож байна.
-УИХ-аар хэлэлцэж буй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэл хугацаанд шинээр олон нийтэд койн гаргах, арилжаанд оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлах шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргалаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Санхүүгийн зохицуулах хороо иргэдийг ямар нэгэн хохирол амсахаас сэргийлэх үүднээс энэ журам, мэдэгдлийг гаргасан гэж ойлгож байна. Эрх зүйн орчин бүрдэхээр өнөөдрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. Иргэд эрх зүйн орчин бүрдсэний дараа энэ зах зээлд хөрөнгө оруулаасай. Эрх зүйн орчин бүрдээгүй нөхцөлд автомашин, орон сууцаа зарж, хөрөнгө оруулах нь эрсдэлтэй шүү гэдгийг хэлж, сануулж байгаа хэрэг юм. Иргэд энэ төрлийн арилжаанд оролцохдоо эрсдэлээ даах хэмжээний хөрөнгөөр оролцож, тухайн харилцаанаас үүдэн гарч болох аливаа эрсдэлийг зөвөөр тооцоолж, хэт их эрсдэл үүрэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хэрэв ямар нэг эрсдэл, хохирол үүссэн тохиолдолд хууль эрх зүйн орчны хувьд ч, зах зээлийн харилцааны хувьд ч төр аливаа хохирол, эрсдлийг хариуцах эрх зүйн боломж бүрдээгүй байна.
Нөгөө талаар виртуал хөрөнгийн санхүүгийн арга механизмыг хуулиар бүрэн зохицуулж чадахгүй. Монгол Улс холбогдох хуулийг боловсруулж баталсан ч, гадаадын олон биржүүд байна. Тэдгээрийн аль нэг биржид арилжаа хийх боломж нь бий. Харин манай улсад крипто валютыг арилжаалж буй таван бирж бий. Дээрх хууль батлагдсанаар тэдгээр биржийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхой болгоно. Тэдгээр биржүүд бүртгэлээ хийлгэж, Санхүүгийн зохицуулах хороо хяналтаа тавиад явна.
Бирж дээр үйл ажиллагаа явуулаад, крипто валют арилжаалж, дансаар гүйлгээ хийхдээ мөнгө угаах, тероризмыг санхүүжүүлэх зорилго байна уу гэдэгт Монголбанк хяналтаа тавиад ажиллах эрх зүйн орчныг нээж өгч байгаа. Шинээр гаргаж байгаа койн, крипто валют болгоныг бүртгэнэ. Зөвшөөрөл олгохгүй ч бүртгээд явна гэсэн үг. Ямар койн, крипто валютыг арилжаалахыг бирж өөрсдөө шийднэ. Койн, крипто валютыг бирж дээр арилжаалахаас өмнө тал бүрийн төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн холбоод дүгнэлтээ гаргаж биржид өгдөг байх ёстой. Блокчэйн дээр үндэслэсэн койн уу, алгоритм нь зөв бичигдсэн үү гэдэг дээр хяналтаа тавих ёстой. Энэ бүхнийг хуульчилна.
-Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж байна. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр мэдээллийн эзнээс сэтгүүлч заавал зөвшөөрөл авч, олон нийтэд мэдээллэх эсэх асуудал яригдлаа. Энэ тухайд ямар шийдэлд хүрч байна вэ?
-Хувь хүний нууцын хуулийг шинэчлэн найруулж, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль болгон өөрчилж, төслийг УИХ хэлэлцэж байна. Гол онцлог, хуулийн амин сүнс нь юу вэ гэхээр өмнө нь иргэн өөрийнхөө мэдээллийг хамгаалдаг байсан. Шинэ хуулиар мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа тал давхар хадгалах, хамгаалах үүрэг хүлээж байна. Тухайлбал, ажил олгогч тал ажилчдынхаа мэдээллийг цуглуулж байгаа бол мэдээлэл хариуцагч тал мэдээллийг хамгаалах үүрэг хүлээнэ.
Сэтгүүлзүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж боловсруулж ашиглахыг хориглох гэсэн заалт хуулийн төсөлд тусгасан байсан. Үүнийг өөрчилж сэтгүүл зүйн зорилгоор, эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээ, мэдээллийг цуглуулж, боловсруулж болно гэсэн заалтад тусгаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, “мэдээллийн эзний зөвшөөрлөөр” гэдэг ойлголтыг хассан. Мөн тус хуулийн хориглох гэсэн зүйлээс хоёр заалтыг хасах санал гаргасан нь байнгын хороогоор дэмжигдлээ.
Сэтгүүлчид нь улс төрчид, олны танил хүмүүсийн талаар мэдээллийг бэлтгэхдээ мэдээж нотлох баримттай байх ёстой. Мэдээллийг түгээхдээ сэтгүүл зүйн зорилго агуулж байвал болно. Эсвэл нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс мэдээллийг түгээж болно гэж хуулиар нээж өгч байна. Бусад тохиолдолд мэдээллийн эзний мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно. Мэдээллийн эх сурвалж нь үнэн бодитой байх ёстой. Бусдыг гүтгэж, нэр хүндэд халдсан бол бусад хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзэн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй гэдгийг энэ хуулийн төсөлд тодотгосон.
Ардчилсан оронд хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хүний хувийн мэдээллийг ангилж үзэх ёстой. Хүний хувийн мэдээллийг эмзэг мэдээлэл, хувийн мэдээлэл гэж ангилж байгаа. Эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна. Хүний биометрик, генетик мэдээлэл, бэлгийн чиг баримжаа, итгэл үнэмшлийн асуудал нь эмзэг мэдээлэлд орно. Харин хүний хөрөнгийн талаарх мэдээллийг хүний эмзэг мэдээлэлд хамруулж байсан бол улс төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг ил байгаа учраас эмзэг мэдээллээс хасаж хувийн мэдээлэл рүү оруулах саналыг оруулсан.
-Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд төрийн албаны иргэдийн мэдэх ёстой мэдээллүүдийг ил болгохоор оруулж ирлээ. Энэ тухай тодруулахгүй юу?
-Албаны нууц, төрийн нууц гэж үзэж 2016 оны хуулиар маш олон мэдээллийг нууцад хамруулдаг байсан. Төрийн байгууллагууд албаны нууц гээд тамга дарчихдаг. Иймд төрийн байгууллагуудын нууцлаад байсан мэдээллийг ил болгох зорилгоор Нийтийн мэдээллийн хуулиар таван төрлийн 67 мэдээллийг нийтэд ил болгох асуудлыг тусгаж байна. АТГ-аас албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдээллийг нийтэд мэдээлдэг шиг газар зохион байгуулалт, тусгай хамгаалалттай газруудыг хэн, хэрхэн эзэмшсэн байна гэдгийг нээлттэй авч болно гэсэн үг.
Мөн иргэд орон сууц худалдан авдаг. Тухайн шинээр барьсан барилгын Онцгой комиссын дүгнэлтийг үзэж чаддаггүй. Тиймээс орон сууц хүлээн авсан Онцгой комиссын дүгнэлтийг нээлттэй болгох асуудлыг хуульчилж байгаа. Байгаль орчны яам тусгай хамгаалалттай газрыг хэн гэдэг хүнд олгочихов гэдгийг мэдэж болно.
Богд уул, Зайсан гээд дархан цаазтай газрыг ямар хүмүүст эзэмшүүлэхээр зөвшөөрлийг Байгаль орчны яам олгосон бэ гэдэг мэдээллийг нийтэд ил болгох үүрэг хүлээж байна гэсэн үг. Ашигт малтмалын лицензүүд байна. Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газар нь ашигт малтмалын лицензийн мэдээллийг ил тод болгох үүрэг хүлээнэ. Хэрвээ мэдээллийг ил болгоогүй тохиолдолд зөрчлийн хуулиар тухайн байгууллагын удирдлагад хариуцлага хүлээлгэнэ. Цаашид тусгай зөвшөөрөл эзэмшдэг байгууллага, лицензийн мэдээлэл нийтэд ил болно. Нийтийн мэдээлэл ил байх ёстой. Нийтийн мэдээллийн хуулийг иргэд юу гэж ойлгох ёстой вэ гэхээр Үндсэн хуулиар олгогдсон мэдээлэл авах, мэдэх эрхийг хуульчилж өгч байна гэж ойлгох хэрэгтэй.
Төр иргэний мэдээллийг цуглуулдаг. Иргэд төрд итгэж мэдээллээ өгдөг. Иргэдийн мэдээллийг төр цуглуулж байгаагийн хувьд бусдад мэдээллийг нь алдахгүй байх ёстой. Иргэд ч өөрийнхөө мэдээллийг хэн ашиглаж байна вэ гэдэгт мэдээлэлтэй байх хэрэгтэй. Иргэн хүн газрын гэрчилгээ авахаар төрд хандлаа гэж бодъё. Ийм нөхцөлд холбогдох төрийн байгууллага тухайн иргэний үнэмлэхийг “E-Mongolia” хуудсаар дамжаад татаж үзнэ. Тэр тохиолдолд хувийн мэдээллийг үзсэн гэдэг мэдэгдэл тухайн иргэнд аплекшинаар дамжаад ирж байх ёстой. Төр иргэний мэдээллийг хамгаалахад дээрх зохицуулалтыг тусгасан.
Түүнчлэн иргэд эмийг хөнгөлөлттэй үнээр авах гэж эмийн санд өдөр тутам очиж, мэдээллээ өгдөг. Энэ мэдээллээр дамжуулаад тухайн дүүрэгт өвчлөл хэрхэн нэмэгдэж, ямар төрлийн эмийг хэр хэмжээгээр худалдан авч байна гэдэг мэдээлэл нь тодорхой болдог. Энэхүү иргэдийн мэдээллийг өөр сэдэл зорилго, бизнесийн зорилгоор ашиглах юм бол Үндэсний аюулгүй байдлын асуудал.
Орчин үед дата мэдээлэл нь хамгийн том баялаг учраас мэдээллийг төр цуглуулж байгаа бол эргээд хариуцлага хүлээх ёстой. Эзэн нь заавал зөвшөөрсөн байх ёстой. Энэ төрлийн зохицуулалтыг хуульд тусгаж байна
.-Хувь хүний мэдээллийг задруулсан нөхцөлд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг Нийтийн мэдээллийн хууль, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийг хамтад нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсгийг ахалж буй хүний хувьд хуулиудыг хооронд нь нийцүүлэх шаардлага бий. Зөрчлийн хуулиар зорчих хэсгийг хязгаарлах, хорих ялыг сонголттой хэрэглэхээр тусгаж өгсөн. Гэмт хэргийн шинжтэй байвал Эрүүгийн хуулиар зохицуулна. Нийтийн мэдээллийн хуульд зааснаар, олон нийтэд ил болгох ёстой мэдээллийг ил болгоогүй нөхцөлд хариуцлага тооцох зэрэг зохицуулалт оруулж байгаа.