Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
ХЗБХ болон ИЦББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.
Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл: Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчлэн, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болгон өөрчилжээ. Нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж хандах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон бөгөөд хүн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээлэл болон албаны нууцад хамаарах мэдээлэл хэмээн тодорхойлж, төсөлд тусгасан байна.
Нээлттэй байх мэдээллийг жагсаалт байдлаар тодорхойлж, одоо мөрдөж байгаа хуульд заасан нээлттэй, ил тод байлгах мэдээлэл дээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой; мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрх; хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл; мэдээлэл хариуцагчийн эээмшиж байгаа газрын мэдээлэл; төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн ашиг, алдагдлын тайлан, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн; стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай эөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ; төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл гэх зэргээр хамрах хүрээг өргөжүүлэхээр төсөлд тусгасан байна.
Эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй өгөгдөл бий болгох, түүний нөхцөл, журам, нээлттэй өгөгдлийг төлбөртэй, төлбөргүйгээр ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг тусгажээ.
Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нам зэрэг байгууллагууд байхаар тусгалаа.
Төрийн үйл ажиллагааг цахимаар явуулах, иргэн, хуулийн этгээдэд цахимаар үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллага хоорондоо болон иргэн, хуулийн этгээдтэй цахимаар харилцахад шаардлагатай нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу үндсэн (“Хур” систем) болон дэмжих систем, мөн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд эдгээр системийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж болох талаар, мөн мэдээллийн сүлжээ, мэдээллийн сангийн талаарх зохицуулалтыг энэхүү Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Дэмжих системийн нэг төрлөөр иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээ хүргэх төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia)-ийг бий болгож, түүнээс олгогдох цахим баримт бичгийн хүчинтэй байдал, баталгаажилтын талаарх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Төрийн үйл ажиллагаа цахимжихтай холбоотойгоор төрөөс үйлчилгээ үзүүлэхдээ нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох боломжтой мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байх, төрийн байгууллага, албан тушаалтан албан харилцаандаа албаны цахим шуудан, мэдээллийн систем ашиглах, иргэн, хуулийн этгээдэд улсын бүртгэлийн дугаараар цахим шуудангийн хаяг үүсгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ.