Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэлэлцлээ
2021.11.11

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаанаар хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

ХЗБХ, ИЦББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл: Үндсэн хуульд Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу Улсын Их Хурал 1995 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан. Энэ нь хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа суурь эрх зүйн зохицуулалт юм. Гурван бүлэг, есөн зүйл бүхий энэ хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.

Нийгмийн харилцаа, технологийн хөгжлийн энэ цаг үед 26 жилийн турш хэрэгжиж буй Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулахад бэрхшээлтэй байгааг төслийн танилцуулгад дэлгэрэнгүй дурдсан байна. Иймд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг тусган, шинэчилсэн найруулгыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл нэртэйгээр боловсруулжээ. Хуулийн төсөл нь нийт найман бүлэг, 32 зүйлтэй.

Хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгийн мэдээлэлд юуг хамааруулах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ойлголтыг  бусад улс орны жишигт тулгуурлан нарийвчлан тодорхойлжээ.

Хуулийн үйлчлэх хүрээг хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тодорхойлж, хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах, хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглахтай холбоотой харилцаанд уг хууль үйлчлэхгүй байхаар тусгажээ.