2021.11.03
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 03-нд боллоо. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өс хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй бөгөөд нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.