2021.10.28
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ХЭҮК-т асуулга тавилаа
Сүүлийн үед тайван замаар үзэл бодлоо илэрхийлж жагсаж буй иргэдийн эрх зөрчигдөх явдал гарах болсон. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ХЭҮК-т асуулга тавилаа.
Тэрбээр асуулгатаа:
“Тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийх эрх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактаар баталгаажсан хүний эрх билээ. Гэтэл сүүлийн үед тайван замаар үзэл бодлоо илэрхийлж жагсаж буй иргэдийн эрх нь зөрчигдөх явдал гарах болсон.
Үүнд Д.Монголхүү болон Э.Одбаярыг удаа дараа баривчилсан асуудлыг дурьдаж болно. Мөн үндэслэлгүй цагдан хорьсон хэмээн хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад буй иргэн Э.Одбаярын асуудлаар болон тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийж буй иргэдийн эрхийн хэрэгжилтийн асуудлаар хүний эрхийг хамгаалах, дэмжих үндэсний байгууллага болох ХЭҮК-т асуулт тавилаа” гэжээ.