Л.Энх-Амгалан: Ирэх хавар нийт оюутны 30 хувьд хүрэлцэх зээлийн бүтээгдэхүүн гаргана
Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөх үеэрээ Боловсролын зээлийн сантай холбоотой тулгамдаж буй асуудлын талаар ярилаа.
Боловсролын зээлийн сангаас оюутнуудад хүүгүй, ажлын талбар дээр гарсны дараа төлөх нөхцөлтэй оюутны хөгжлийн зээлийг олгодог. Тус зээлийг Засгийн газрын тогтоолоор баталсан “Тэргүүлэх чиглэлийн мэргэжил”-ээр сурч буй оюутнуудад олгоно гэж шинэчилсэн юм.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ:
“Нийт 18.6 мянган оюутан сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг. Нэг санаа зовоож буй асуудал нь нийт зээлийн сангийн 50% нь цөөхөн оюутанд зарцуулагдаж байна. Тодруулбал, 323 хүүхдэд нийт зээлийн сангийн 20 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа. Энэ хүүхдүүдээ судлаад үзэхээр нөгөө нэг хөрөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд сурч байна гэх хардлага байгаа. Боловсролын сайдын хувьд хариуцлагатайгаар хэлэхэд энэ жил буюу цаашдаа хэн нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхдүүдийн төлбөр энэ зээлийн сангаас төлөгдөхгүй. Иргэд та бүхэн зээлийн сангийн хуудас руу ороод хэний хүүхэд ямар нөхцөлөөр сурч байгааг нээлттэй хараарай. Түүнчлэн цаашдаа гадаадад баклавраар бус магистр, доктороор суралцаж мэргэжил дээшлүүлэх хүмүүст тэтгэлэг түлхүү өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэв.
Түүнчлэн тэрбээр, "Ирэх хавар нийт оюутны 30 хувьд хүрэлцэх зээлийн бүтээгдэхүүн гаргана. Ингэхдээ сурлагын амжилт, тэргүүлэх чиглэлээр суралцаж буй эсэхийг харгалзах бөгөөд тэгш, хүртээмжтэй байлгахад анхаарна. Одоогоор 147 мянган оюутны 10 хувь нь зээлд хамрагдаж байгаа" гэлээ.
Оюутны хөгжлийн зээлийг 2.8 болон түүнээс дээш голч оноотой оюутнуудад олгодог. 2020-2021 оны хичээлийн жилд Засгийн газрын нэг удаагийн тогтоолоор 5028 оюутны сургалтын төлбөрийг зээл хэлбэрээр олгосон.
Энэ жил оюутны хөгжлийн зээлийг 2, 3, 4 дүгээр дамжааны оюутнуудад энэ хичээлийн жилд мэргэжил харгалзахгүйгээр үргэлжлүүлэн олгоно. Энэ түвшний оюутнуудыг шинээр бүртгэхгүй. Харин нэгдүгээр дамжааны оюутнуудыг зээлд хамруулахдаа тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцаж буй эсэхийг харна
Оюутны хөгжлийн зээл:
Дотоод зээлд нийт 10.200 оюутан хамрагдсан байна. Оюутны хөгжлийн зээлийг мөн олгоно.
Гадаад зээл:
Гадаадын зээлд нийт 323 оюутан хамрагдсан. Магистр, докторын хөтөлбөрийн тэтгэлгийг хэвийн олгоно. Харин дэлхийн шилдэг 100 их сургуульд шинээр элсэгчдэд тэтгэлэг олгогдохгүй.
Тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг Засгийн газрын 70 дугаар тогтоолоор баталсан бөгөөд бакалаврын 35 мэргэжил, магистрын 25 мэргэжил, докторын 12 мэргэжил багтсан байдаг.