Н.Учрал: Монгол Улс “криптовалют”, “виртуал хөрөнгө”-ийг албан ёсоор хуульчилан, хүлээн зөвшөөрсөн орон болох ёстой
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага “ФАТФ”-аас манай улсыг “саарал жагсаалт”-аас гаргах үедээ өгсөн зөвлөмжид виртуал хөрөнгө, тэр дундаа криптовалютийн эрх зүйн орчныг тодорхойлж хуулийн зохицуулалт хийх ажлыг чухалчилан захисан.
Өнөөдрийн байдлаар манай улсад 4 компани албан ёсоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа бол криптовалютын зах зээлд албан бусаар оролцогч иргэд олон байгаа юм. Тиймээс ч виртуал хөрөнгө, криптовалютын зах зээл, харилцааг зохицуулах эрхзүйн шаардлага зүй ёсоор үүсээд буй. Үүгээр ч зогсохгүй Монгол Улсын хувьд Кибер аюулгүй байдлын индексээр өнгөрөгч 2020 онд 196 орноос 120 дугаар байрт бичигдсэн нь кибер аюулгүй байдал, түүний эрх зүйн болоод техникийн хамгаалалт сул байгааг харуулж байна.
Тиймээс төр үндсэн чиг үүргийнхээ хүрээнд кибер технологийн аюулгүй байдлын болоод виртуал хөрөнгийн зах зээл дэх санхүүгийн харилцааны аливаа эрсдлээс сэргийлэх, энэ төрлийн зах зээлийг өөрөөр нь хөгжүүлэх боломжийг нээх, мөн төрийн цахим шилжилтийг ахисан түвшинд гаргах гэсэн гол концефец дээр анхаарч ажиллаж, олон улсын ФАТФ зэрэг байгууллага болоод нийгэм, зах зээлийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль гарах учиртай. Энэ тал дээр хамгийн их анхаарч, ажиллаж буй хүн бол УИХ-ын гишүүн Н.Учрал билээ.
Тэрээр Цахим хөгжлийн багц хуулийн төслүүд болох "Нийтийн мэдээллийн тухай", "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай", "Цахим гарын үсгийн тухай", "Кибер аюулгүй байдлыг хамгаалах тухай”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслүүдийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, бүх талын аюулгүй, чөлөөт харилцаатай, хууль эрхзүйн хувьд бүрэн төгс хууль болгохоор ажиллаж байна.