Аймгийн дарга нартай цахим уулзалт хийлээ
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УОК-ын нарийн бичгийн дарга Г.Баярхүү нар 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр аймаг, орон нутгийн Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахим уулзалт хийлээ.
Наймдугаар сарын 10-наас хойш улсын хэмжээнд баяр наадмын шинжтэй уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байх, өвс тэжээл хадлан бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг аймгийн Засаг дарга нар бүрэн хариуцах ёстойг Шадар сайд онцоллоо.
Малын элдэв халдварт өвчин отор нүүдлээр дамжин бүс нутагт тархаж болзошгүй байгаа тул отроор явуулахыг тодорхой хэмжээнд хязгаарласан шийдвэр гарсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдэгдлээ. Мөн малын халдварт өвчин тархах магадлалтай аймаг, сумдад хорио цээр тогтоож, халдварыг хумих ажлыг эрчимжүүлэн энэ хүрээнд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хоригложээ.
ХАА-г дэмжих сангийн салбарыг орон нутагт байгуулах, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн технологит ажлыг тасралтгүй явуулах техникүүдийг яаралтай оруулж ирэх, тариалангийн бүс нутагт отроор явуулахгүй байх зэрэг саналыг аймгийн Засаг дарга нар хэлж байв.
Өвөлжилтийн бэлтгэл хангах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр аймаг, нийслэлийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга нарт хандсан Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ын сайд нарын хамтарсан албан даалгавар гарчээ. Энэ хүрээнд аймаг, сумын түвшинд бүрдүүлбэл зохих өвс, тэжээлийн нөөцийг аравдугаар сарын 20-ны өдрийн дотор бэлтгэх, малын гоц халдварт өвчин гарсан бүсээс мал сүргийг вакцин, туулгалтанд бүрэн хамруулсан тохиолдолд отроор явуулах болон ургац хураалтад оролцох иргэдийн эрүүл мэндэд хяналт тавих зорилгоор Явуулын эмнэлзүйн баг ажиллуулахаар шийдвэрлэжээ.