С.Одонтуяа: Иргэд хүнсний хангамжаа өөрсдөө хангах шаардлага байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.19\ нэгдсэн хуралдаанаар Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонслоо.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
1. Польш улсын 10,2 сая еврогийн санхүүжилтээр хүнсний агуулах барина гэж байна. Энэ хувийн хэвшил барих уу? эсвэл төрийн өмчит байгууллага нэмэгдэх үү?
2. Мөн нийслэлд байгаа гэр хорооллын айлууд хашаандаа хүнсний ногоо тарихад яамнаас дэмжлэг, бодлого байна уу? Одоо иргэд хүнсний хангамжаа өөрсдөө хангадаг болмоор байна. Үүнд тодорхой хэмжээний сургалт, жижиг хэмжээний хүлэмж асуудлуудыг асууж байгаа. Өөрийн сонгогдсон дүүрэгтээ жижиг төсөл бэлтгэж байгаа. Өрхийн буюу гэр хороолын иргэд ногоо тариалахад ногоон зээл буюу хөнгөлөлттэй зээлд хамрагдах уу?
3. 600 гаруй тоног төхөөрөмж авна гэсэн байна. Нэг их наядын хөтөлбөрөөр авах гэж байгаа юм байна. Энэ газар тариалангийн чиглэлийнх үү? Жижиг архийн хүнсний ногоо хатаах, савлах төхөөрөмж үү? Өмнөх жилүүдэд энэ чиглэлээр хийж байсан төслүүд хэр үр дүнтэй болсон бэ?
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
Польш, Монголын хоёр улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10,2 сая еврогийн санхүүжилтээр хүнсний ногооны үйлдвэрлэлийн сүлжээ өргөжүүлэх төсөл эхэлж байгаа. Үүний хүрээнд 8,5 мянган тнн багтаамжтай хүнсний агуулах найман аймагт байгуулна. Хүнсний ногоо тариалалтанд нэг талдаа үр болон техник тоног төхөөрөмжийн дэмжлэг хэрэгтэй байна. Нөгөө талдаа гол асуудал бол ногоочдын маань бүтээсэн, тарьсан хүнсний ногоог агуулах, хадгалах асуудал хүндрэлтэй байгаа. Энэ асуудлынхаа хүрээнд шийдвэрлэе гэсэн зорилт тавиад энэ хавар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.