2021.03.19

Ц.Туваан: Мал аж ахуй онцгой эрсдэлд орсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.19\ нэгдсэн хуралдаанаар Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Энэ жилийн хавар өвөлжилт хүндэрсэн аймгуудад онцгой хүнд хавар болно. Хөдөө аж ахуйн яам урьд урьдаас илүү бэлтгэлтэй байх ёстой. Өнгөрсөн шуурга бол маш том нэрмээс боллоо. Өнгөн хөрсөнд байдаг өвсөн бүрхүүл хийссэн. Малын хамар хатгах хялгана байхгүй болсон шүү. Ялангуяа Төв аймгийн урд талын сумдууд, Дундговь аймаг бүхэлдээ. Үүнд бэлтгэлтэй байгаарай. Улаанбаатар хотын гудамжны хөрс шиг хөрс бий болсон. Мал, аж ахуйд онцгой эрсдэл учирсан. Засгийн газарт УИХ-д асуудлаа танилцуулж бэлэн байгаарай гэж хэлмээр байна. 

Бэлчээргүй байхгүйн улмаас Төв аймгийн нутагт олон аймгийн мал отроор орж ирсэн. Цас хайлаад өвс гарах болж байгаа боловч гарахгүй байна. Үүний дээрээс дайны хажуугаар дажин гэдэг шиг Улаанбаатарын зүгээс Төв аймгийн сумдуудын буюу Эрдэнэ, Батсүмбэр, Баянчандмань, Сэргэлэн сумдын нутгаас улсын тусгай хэрэгцээнд авна гэх юм. Газраас нь их хэмжээгээр авах гэж довтолдог явдал үүсээд байна. Хамгийн сүүлд төв аймгийн Сэргэлэн сумаас 22 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авна гэнэ. Үүнд хариулт авмаар байна. Энэ бадлаа болих хэрэгтэй. Тэнд малаа маллаж байгаа иргэдийг яах юм бэ? Өмчлөлийн өвөлжөө, хаваржааны газруудыг яах юм бэ? Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдэг шиг. Энэ асуудал дээр Төв аймгаас сонгогдсон гишүүний хувьд бүх асуудлыг тавьж сонгогчдынхоо талд байна гэдгийг хэлье.