Сайд Х.Баттулга Японы дэд бүтцийн сайдтай хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа
Дэд бүтцээрээ дэлхийд толгой цохидог Япон улсын дэд бүтцийн салбартай Монгол Улс нягт хамтран ажиллах талаар Японы Зам, тээвэр, аялал жуулчлал, дэд бүтцийн сайд ноён А.Охатай ЗТБХБ-ын сайд Х.Баттулга сайдын айлчлалын хүрээнд уулзаж санамж бичигт гарын үсэг зурлаа.
Өнгөрсөн 2010 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ц.Элбэгдорж Япон Улсад айлчлах үеэрээ хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн хэмжээнд харилцааг өргөжүүлье гэсэн мэдэгдэл гаргасан юм. Түүний дагуу яамдууд хоорондоо харилцан санал солилцов. Үүний үр дүнд өнөөдөр Японы дэд бүтэц, газар, жуулчлалын яам болон манай Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хооронд санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт дэд бүтцийн бүхий л хүрээнд нягт хамтарч ажиллахаар тусгагдсан байна. Энэ нь Японы технологиуд Монголд орж ирэх, боловсон хүчин бэлтгэх, далай ашиглах, агаарын тээврийн нислэгийг олон болгох гэх мэт олон асуудал багтаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд Монголын уул уурхайд Японы тал ямар байр суурьтай оролцох, төмөр зам, далайн тээвэр, МИАТ-ийн талаар анхааран ажиллах юм байна. Хоёр улсын дэд бүтцийн салбарынхан ийн гарын үсэг зурснаар жилдээ нэг удаа аль нэг талдаа хамтарсан хурал хийх юм. Анхны хурлаа Монгол Улсад хийе гэсэн саналыг Монголын талаас тавиад байна.