Монгол эмэгтэйчүүдийн эрхийн талаарх УИХ-ын эмэгтэй гишүүдийн байр суурь
3-р сарын 08 бол Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр.
Манай сайтаас УИХ-ын эмэгтэй гишүүдэд дараах хоёр асуултыг тавьж, хариулт авлаа.
Таны бодлоор монгол эмэгтэйчүүдийн ямар эрх хамгийн их зөрчигдөж байна вэ?
Тэрхүү зөрчигдөж байгаа эрхийг хамгаалахын тулд юу хийх ёстой гэж боддог вэ?
Монгол эмэгтэйчүүдийнхээ эрхийн талаар байр сууриа илэрхийлж, зөрчигдөж буй эрхийг нь хэрхэн хамгаалах талаар өөрийн гэсэн үзэл бодол, сэтгэл зүтгэлтэй байдаг эмэгтэй гишүүдийн хариултыг сонирхон уншина уу.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: САЛБАР БҮРИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД ХАМТРАХ ХЭРЭГТЭЙ
Эмэгтэйчүүдийн маш олон эрх зөрчигдөж байна. Гэхдээ суурь, бусад эрхийн зөрчлийг арилгахад хамгийн чухал нь улс төрийн оролцоо гэж бодож байна. Улс төр, бизнес гээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо төдийлэн хангалттай биш байна.
Эмэгтэйчүүд хамтран ажиллаж, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх зайлшгүй шаардлагатай байна. Эмэгтэйчүүд ямар ч салбарт нэгдэж, хамтарч, асуудлыг шийдвэрлэхийн төлөө зүтгэдэг байх хэрэгтэй. Бид өнөөдөр хүйсийн байдлаас үл хамаарч зүтгэдэг. Түүн шигээ хийсэн ажлаа хүйсийн байдлаас үл хамааран урам өгч, шүүмжлэлийг ч бас тэгж өрнүүлдэг байх нь чухал.
Иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, улс төрчид, соёл урлагийнхан, нөлөөлөгч нар бүгд нэгдэж, нэг зорилгын төлөө, оролцооны тэгш байдлыг хангахын төлөө хамтарч ажилладаг байхыг уриалмаар байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЭГТЭЙЧҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ГУРАВ ДАХИН ИЛҮҮ ЦАГИЙГ ГЭР АХУЙН АЖИЛД ЗАРЦУУЛЖ БАЙНА
Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах талаар бодлого, хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн хэдий ч хэрэгжилт зарим талаараа хангалтгүй байсаар байна. Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үед, эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт ихэнх цагаа зарцуулж гэрийн ажил нэмэгдсэн нь өөртөө анхаарал тавих, суралцах, хөгжихөд сөргөөр нөлөөлж, хүүхдийн цэцэрлэг сургууль хаагдсанаас эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 1,6 пунктээр буурчээ.
Монгол Улсын хувьд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 53.4 хувь байхад эрэгтэйчүүдийнх 68.3 хувь байгаа юм. Хөдөлмөр эрхлэхийн хажуугаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад гурав дахин илүү цагийг гэр ахуйн ажил, өрхийн гишүүдийг асрахад зарцуулахын зэрэгцээ цалин хөлсгүй өрхийн бизнест ажиллагчдын 75.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Түүнчлэн жендерийн хэвшмэл ойлголтоос улбаалан шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага, эмэгтэйчүүдийг буруутгах хандлага нийгмийн бүх салбарт байсаар байна.
Монгол эмэгтэйчүүд бид дайчин, тэвчээртэй, ачаалал даах чадвартай хэдий ч түүнээсээ болж Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэхээсээ татгалзаж болохгүй.
Хүний Эрхийн Үндэсний комисс, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагуудын жендэрийн эрх тэгш байдалд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн ажлын байран дахь дарамт монгол улсад өндөр байгаа, нуугдмал хэлбэртэй байгаа гэсэн судалгаа гарсан байгаа. Энийг бид зайлшгүй анхаарч арга хэмжээ авах ёстой. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ гажуудлыг арилгахаар хуулийн төсөлд тусгаад явж байгаа.
Нэгэнтээ УИХ-аас хууль эрх зүйн орчныг зохистой хэмжээгээр бүрдүүлсэн тул Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай санхүүжилтийг жил бүр тогтмол тусгах, жендэрийн салбар хороодын үйл ажиллагааг жигдрүүлэх, аливаа шийдвэрийг гаргахдаа жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтөнд суурилах, шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийг татан оролцуулах зэрэг арга хэмжээг нэн тэргүүнд авах шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТААС БОЛЖ ОЛОН ЭМЭГТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНД АДИЛ ТЭГШ ОРОЛЦОХ ЭРХЭЭ АЛДАЖ БАЙДАГ
Өнөөдөр нийгмийн олон салбарт янз бүрийн хэлбэрээр охид эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байна. Эдгээрээс хамгийн их санаа зовоож буй асуудлуудын нэг нь ажлын байрны бэлгийн дарамт юм. Яагаад энэ асуудлыг онцолж байна гэхээр ихэвчлэн далд оршдог, хүчирхийлэл гэж нотлон батлахад хүндрэлтэй мөртлөө эмэгтэй хүний амьдралд урт хугацаанд сэтгэлийн шарх, дарамт үүсгэдэг учраас олон эмэгтэй хөдөлмөрийн харилцаанд адил тэгш оролцох эрхээ алдаж байдаг ба нийгэмд тэр бүр ил болгож чаддаггүй асуудал юм.
Охид эмэгтэйчүүд маань өөрсдөө дарамт хүчирхийлэлд өртсөн бол зоригтой ил гаргадаг, эргэн тойрныхон нь хохирогчдыг буруутгадаггүй буцааж шүүдэггүй, сэтгэлгээг бид өөрсдөдөө суулгахад илүү чиглэн ажиллах хэрэгтэй.
Өнгөрсөн 4 жил боловсролын салбарт ажиллаж байхдаа их дээд сургуульд үйлдэгдэж байгаа оюутнуудын бэлгийн дарамтын асуудлыг хөндөн гаргаж багш ажилчдын хөдөлмөрийн гэрээ, дотоод журманд тусгуулж байсан.
2011 онд батлагдсан “Жэндерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-д бэлгийн дарамтыг тодорхойлон зааж өгсөн ч эрх зүйн орчинд ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулахад чиглэсэн сайжруулалт зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдсан. Иймээс удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэгт ажилласан гишүүний хувьд ажилтан болон ажил олгогчын үндсэн үүргүүдэд “ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэхгүй байх, дарамт хүчирхийллээс ангид ажлын байрны орчин бүрдүүлэх” гэсэн заалтуудыг оруулж өгсөнөөрөө хөдөлмөрийн харилцаан дах бэлгийн дарамтыг бууруулахад аль аль тал нь хуулийн дагуу үүрэг хүлээх байдлаар зохицуулан оруулсан.
Энэ төрлийн эрх зөрчигдсөн асуудалд эрхзүйн орчин сайжирч байгаа давуу талтай ч одоо охид эмэгтэйчүүд маань өөрсдөө дарамт хүчирхийлэлд өртсөн бол зоригтой ил гаргадаг, эргэн тойрныхон нь хохирогчдыг буруутгадаггүй буцааж шүүдэггүй, сэтгэлгээг бид өөрсдөдөө суулгахад илүү чиглэн ажиллах хэрэгтэй гэж харж байна. Ирээдүй болсон цэцэг цэврүү шиг охид эмэгтэйчүүдээ бид хайрлан хамгаалах ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: НИЙГМИЙГ ХҮНИЙ ЭРХ, ЖЕНДЕРИЙН ЭРХИЙН ТАЛААР СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Монголын эмэгтэйчүүдийн хамгийн их зөрчигдөж буй эрх бол хувийн болон халдашгүй байх эрх. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааны нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Ийм халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй.
Хохирогч эмэгтэйг өөрөөс нь болсон мэт буруутгах хандлага түгээмэл байгаа нь эмэгтэйчүүдийн талаарх уламжлалт хандлага бат бөх оршсоор байгаатай холбоотой.
Гэтэл Монгол Улсад цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нэгнийг гутаан доромжлох, тэр дундаа эмэгтэйчүүдийн гэр бүл, хувийн амьдрал, алдар хүндэд халдсан мэдээлэл гарах нь түгээмэл байна.
Мөн гэр бүлийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэгт хохирогчийг буруутгах, ялангуяа хохирогч эмэгтэйг өөрөөс нь болсон мэт буруутгах хандлага түгээмэл байгаа нь эмэгтэйчүүдийн талаарх уламжлалт хандлага бат бөх оршсоор байгаатай холбоотой.
Цахим сүлжээний үүрэг нөлөө өсч буй сүүлийн жилүүдэд цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн хохирогчид дийлэнх нь хүүхэд, өсвөр үеийнхэн болон эмэгтэйчүүд болж байна. Эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд цахим орчинд гүтгэлэг, гадуурхлын золиос болж байна. Тухайн гүтгэлгийн улмаас амиа хорлосон тохиолдлууд нэг биш удаа гарч байна.
Иймд цахим орчинд хүний эрхийг хангахын тулд Кибер гэмт хэргийн тухай ОУ-ын конвенцуудад нэгдэж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмэгтэйчүүдийн талаарх уламжлалт ойлголтыг арилгах, нийгмийг хүний эрх, жендерийн эрхийн талаар соён гэгээрүүлэх сургалт сурталчилгааны ажлуудыг хийх шаардлагатай байна.