Роберт Пэйнтер: Тираннозавр Батаарын ясыг улсын хамгаалалтад авахыг харах сайхан байлаа
-Та Тираннозавр Батаартай холбоотой хэргийг яаж мэдэж, өмгөөлөгч нь болсон юм бэ?
-Би болон манай багийн хамтрагчид Техасаас гаралтай хүмүүс. Өнгөрсөн тавдугаар сарын 18-ны оройн 18.30 цагийн орчимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос "Тираннозавр Батаар"-ын талаар онлайн захидал хүлээж авсан. Захидлаас Монголын говиос олддог маш ховор үлэг гүрвэлийн араг ясыг хууль бусаар хил нэвтрүүлж ням гаригт АНУ-д дуудлага худалдаанд оруулах гэж байна гэдийг олж мэдсэн. Ерөнхийлөгчөөс захидал ирдэг өдөр баасан гаригийн орой байсан юм. Хагас, бүтэн сайнд Техас мужийн шүүх амарчихдаг. Тиймээс тэр оройдоо л хамтран ажиллаж болох шүүгч олох ажилдаа орсон. Монголын төрийн нэрийн өмнөөс үлэг гүрвэлийн ясыг бусдын гарт орж үрэгдэхээс нь өмнө эргүүлж авахын тулд хэрэг үүсгүүлж хуулийн дагуу хандах боломжийг нэн яаралтай хангах хэрэгтэй байсан юм. Тэр чиглэлээр үргэлжлүүлж ажиллах зөвшөөрлийг Монгол улсын Ерөнхийлөгчөөс дахин хүлээж авсан.
Олон шүүгч рүү утасдаж холбоо барьсны эцэст Далласын К.Куртс гэдэг шүүгчтэй уулзахаар тогтсон. Шүүгч намайг бямба гаригийн еглөө гэртээ хүлээж авсан юм. Хамгийн түрүүнд тэр шүүгч "Хэн Монголын говиос динозаврын яс хулгайлж чаддаг байна аа" гэж асуусан.
Тэр тухай мэдэхгүй. Гэхдээ энэ бол маш чухал, ихээхэн ач холбогдолтой хэрэг шүү" гэдгийг л би шүүгчид ойлгуулж чадсан. Тэр өдрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагааны гарын үсэгтэй мэдэгдэл зэрэг бичиг баримтуудыг шүүгчид өгч танилцуулсан. Мэдэгдэлд үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаанд оруулах нь Монгол улсын болоод бусад олон улсын хуулийн дагуу хууль бус гэдгийг мэдэгдсэн байсан. Шүүгч бичгүүдийг хүлээж авмагцаа үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаанд оруулах асуудлыг түр хугацаагаар зогсоох бичигт гарын үсэг зурсан.
-Дуудлага худалдааг зогсооход хэр хүндрэлтэй байсан бэ?
-Шүүгчийн бичгийг аваад тэр даруй би хамтрагчийнхаа хамт Нью-Йорк хот руу нисч дуудлага худалдааны газарт очсон. Шүүгчийн шийдвэрийн дагуу дуудлага худалдааг түр хугацаагаар зогсоож, үлэг гүрвэлийн ясыг хэн нэгний өмчлөлд шилжүүлэхийг зогсоохыг шаардсан. Тэр өдөр Тираннозавр Батаарын яснаас гадна олон зүйлийг дуудлага худалдаагаар зарж байсан юм. Гэтэл тус газрын удирдлагууд дуудлага худалдааг зогсоох боломжгүй гэсэн. Энэ тухай би шүүгч рүүгээ утасдаж мэдэгдсэн. Шүүгч хариуд нь "Миний шийдвэр бол зөвхөн дуудлага худалдааг түр зогсоохыг санал болгож байгаа хэрэг биш. Шийдвэрийг зөрчвөл этгээдийг зургаан сарын хугацаагаар шоронд хорих болно" гэдгийг хэлсэн.
Тэр хооронд Тираннозавр Батаарын ясыг зарахаар тайзан дээр гаргаж ирсэн. Дуудлага худалдааны компанийн захирал ажилтандаа "Дуудлага худалдаа үргэлжилнэ. Гэхдээ шүүхийн шийдвэрийг харгалзан үзэх ёстой" гэсэн жижигхэн мэдэгдэл өгсөн байна лээ. Дуудлага худалдаа явуулахаар зарламагц би гap утсаа гаргаж ирээд шүүгч рүүгээ залгаж чанга яригч дээр нь тавиад зааланд хүрэлцэн ирсэн хүмүүст хандаж "Би яг одоо шүүгчтэй холбогдоод байна.
Та нарын дуудлага худалдаа шүүхийн шийдвэр зөрчиж байна шүү" гэж зарласан. Шийдвэр. зөрчвөл торгууль хүлээх юм уу хорих ялаар шийтгүүлэх ял хүлээж байгааг тэдэнд анхааруулсан. Аз болоход динозаврын яс агуулахад, хэн ч нэвтрэх эрхгүй найдвартай, аюулгүй газарт хадгалагдаж байсан юм билээ.
Бидний хувьд Даллас руу буцаж очоод шүүгчтэйгээ уулзаж хууль зөрчин дуудлага худалдаа явуулсан компанид ял төлөвлүүлэх бодолтой байсан юм. Гэтэл маргааш нь дуудлага худалдааны компани ямар том алдаа гаргах гэж байснаа ухаарч Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн.
-Тэрхүү Тираннозавр Батаарын ясыг Монголын говиос олдсон гэдгийг юугаар нотолж тогтоосон юм бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилсон палеонтологичдын баг ясыг шинжлэн судалж Монголын говиос олдсон гэдгийг нь нотлох боломж олгосон. Яг тэр үед би АНУ-ын прокурорын газарт хандсан. Прокурорын газар нь АНУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс хэрэг бүртгэх, нэхэмжлэл гаргах эрхтэй байгууллага. Прокурорын газраас "Монгол Улс бол АНУ-ын хувьд үнэ цэнэтэй түнш. Анд нөхөр юм. Манай хоёр орон ойр дотно харилцаатай байдаг учраас АНУ-ын Засгийн газар энэ хэрэгт оролцож Монгол Улсын Засгийн газартай хамтран үндэсний том баялаг болох үлэг гүрвэлийн ясыг эх оронд нь буцаах ажилд хамтарна" гэж мэдэгдсэн юм.
Тэр үед Нью-Йорк хотод Монголын болоод Хойд Америкийн тэргүүлэх палеонтологийн эрдэмтэд динозаврын ясанд найман цагийн турш нарийн судалгаа, шинжилгээ хийгээд ямар ч эргэлзээгүйгээр Тираннозавр Батаарын яс мөн байна гэдгийг тогтоосон юм. Судалгааны ажилд Монгол Улсын иргэн, доктор Д.Цогтбаатар, доктор н.Болорцэцэг, АНУ-ын Байгалийн түүхийн музейн палеонтологич болон бусад орны хүмүүс оролцсон. Ясны өнгө, өндөр, нам зэрэг хэмжээсүүд, шинж тэмдэг нь Монголоос олддог Тираннозавр Батаарын яс мөн гэдгийг нотолсон.
Ийм яс Монголоос өөр дэлхийн хаанаас ч олдоггүй гэдгийг шинжээчид шууд хэлж байсан юм. Энэ удаагийн үйл явдал тухайн улсын Засгийн газар өөрийн баялгаа анхаарч буцаан авч байгаа анхны тохиолдол болоод байна. Бусад орны «төр, засгийн тэргүүнүүдэд үлгэр жишээ болох болов уу гэж бодож байгаа. Хэдэн долоо хоногийн өмнө АНУ-ын Засгийн газар динозаврын ясыг агуулахаас нь хураан авч мэдэлдээ авсан. Харуул хамгаалалтад авч байгааг нь харах үнэхээр сайхан байсан шүү.
-Одоо энэ хэрэг ямар шатандаа яваа вэ?
-Одоогийн байдлаар АНУ-ын Холбооны шүүхэд хэрэг шилжээд байгаа. АНУ-ын Засгийн газар динозаврын ясыг Монгол Улс руу буцаах асуудлыг нэхэмжилж шүүхэд мэдүүлсэн гэсэн үг. Хамгийн сүүлийн сонирхолтой мэдээлэл гэвэл Тираннозавр Батаарын ясыг худалдсан хүнийг олж тогтоосон. Тэр хүнийг Эрик Прокапи гэдэг. Тэр хүн бол АНУ-ын иргэн. Флоридад оршин суудаг. Эрик Прокапи нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын харьяат Крис Mop гэдэг хүнтэй хамтарч ажилласан гэсэн. Эрик Прокапид динозаврын яс худалдаж авсан талаар ямар ч албан ёсны бичиг баримт, зөвшөөрөл, гаалийн мэдүүлэг байгаагүй. Гэхдээ Японоос энэ ясыг авсан гэж мэдүүлээд байгаа юм.
-Мэдүүлэгтээ хэзээ, ямар үнээр авсан гэдгээ хэлсэн болов уу?
-Сүүлийн 10 жилийн дотор авсан гэж мэдүүлсэн. Гэхдээ хэнээс авсан гэдгээ санахгүй байна гэж хариулсан байна лээ. Хил, гаалиар оруулсан тухайд Их Британиас АНУ руу оруулсан байна гэдгийг л тогтоосон. Хил, гаалиар оруулсан,, гаргасан талаар Монгол Улс, Японтой холбогдох ямар нэг ул мөр олдохгүй байгаа. Эрик Прокапи Их Британиас АНУ руу оруулахдаа ясны гарал үүслийг нь Монголоос биш Их Британиас гаралтай, Тираннрзавр Батаарын яс биш зүгээр ямар нэг гүрвэлийн яс гэж мэдүүлсэн. Харин дуудлага худалдаанд оруулахдаа Их Британиас гаралтай биш Монголоос гаралтай гэж мэдүүлсэн байсан.
Тэр Эрик Прокапи гэдэг хүн АНУ-ын хууль тогтоомжийн дагуу маш их асуудалд орооцолдоод байгаа хүн. Тэрээр сүүлийн нэг сарын дотор гэхэд Монголоос гаралтай үлэг гүрвэлийн өөр нэг ясыг АНУ-ын Калифорнид худалдсан мэдээлэл бидэнд олдсон. АНУ, Монгол Улс дотно найрсаг харилцаатай. Тиймээс Монголоос урьд өмнө нь гаргасан динозаврын ясуудыг ч буцаах талаар үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэлтэй байгаа.
"Тираннозавр Батаар"-ын ясыг дараагийн нэг, хоёр сарын дотор Монголд буцаах боломжтой. Монгол Улстай холбоотой нэмэлт асуудал гарвал харин бага зэрэг удаж магадгүй.