Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов
2012.04.17

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжив. Өнгөрсөн хугацаанд төрөөс баримтлах соёлын бодлогын хүрээнд эрх зүйн болон үйл ажиллагааны олон зохицуулалт хийгджээ. 


Эдүгээ соёлын бодлогын хүрээнд соёлын үйл ажиллагааг мэргэжлийн урлагийн 36 байгууллага, улсын 9, аймаг, орон нутгийн 30, салбарын 9, нийт 48 музей, сум, дүүргийн340 соёлын төв, ордон, бүх төрлийн 1500 орчим номын сан, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 9 сургууль, 130 гаруй хувийн хэвшлийн хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газар, соёл урлагийн чиглэлийн төрийн бус байгууллага, тэдгээрт ажилладаг 7000 гаруй хүн эрхлэн явуулж байгаа ажээ.Мөн хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай, Эрүүгийн байцаан шийтгэх, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, журмаар зохицуулж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль 2000 онд батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш 10 гаруй жилийн хугацаанд хүн амын дунд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалт болон амиа егүүтгэх тохиолдол буурахгүй байна. Тухайлбал 10000 хүн амд ногдох сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 77,43 байсан бол энэ нь 2010 онд 112,9 болж нэмэгджээ.

Одоо манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн эмнэлгийн идэвхтэй хяналтад эмчлэгдэж, хөдөлмөрийн чадвар алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлж байгаа юм.Энэхүү хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр нийгэм, хамт олны дотор сэтгэлзүйн таатай орчин бий болгох, сэтгэцийн эмгэгтэй хүний хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүрэг, хариуцлага нэмэгдэх, сэтгэцийн эмгэгтэй хүний эрх ашиг, амьдралын баталгаа дээшлэх, нийгэм, хамт олонд түшиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сэтгэцийн эмгэгтэй хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар сайжрах, сэтгэцийн хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн орчин нөхцөл, тусламж үйлчилгээ нь сэтгэцийн эмгэгтэй хүний хууль ёсны эрх ашиг, хэрэгцээ шаардлага, аюулгүй байдлыг хангах, эдгээр арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийн хэмжээ нэмэгдэх эрх зүйн орчин бий болно гэж үзэж байгааг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар танилцуулагадаа дурдлаа.Сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэлийг хуулийн төсөлд илүү тусгаж, харин энэ өвчнөөс урьдчилан сэрэмжлэх үе нь өнгөрч өвчнийг эмчлэх шатанд байгаа хүмүүсийн эмчилгээний орчин нөхцлийг бүрдүүлэх талыг орхигдуулсан байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Мөн хуулийн төслийг хэлэлцэх явцад Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуучин хуультай харьцуулсан судалгаа хийх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан юм. Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг гишүүд дэмжлээ.Хуралдааны удаах асуудал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал байв.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хийв. 1990-1995 онд нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бүрдэх явц, 1995-2000 он хүртэлх нийгмийн даатгалын шинэ тогтолцоог хэрэгжүүлэх явцад хувь хүнээс өөрөөс нь үл хамааран нийгмийн шилжилтийн нөхцөл шалтгааны улмаас улс, эх орондоо ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй болсон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон нөхөн тооцуулах, цаашид тэдний тэтгэврийн даатгалын баталгааг хангах нь хуулийн төслийг боловсруулах болсон гол үндсэн зорилго гэлээ. Судалгаанаас үзэхэд нийгмийн шилжилтийн үе 1990-1994 онд хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн тоо 200,0 гаруй мянга байна. Мөн 1995-2000 онд нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэдийн тоо дунджаар 703,0 мянга байгаа ажээ.

Манай улсын иргэдийн нийгмийн даатгалын үйл ажиллагаанд хамрагдахад хамгийн их саад болж байгаа бэрхшээл нь даатгалын ач холбогдол, үр шимийн талаар мэдлэг, мэдээлэл муутай байдагтай холбоотой бөгөөд энэ нь нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой гэлээ. “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох” гэдэг нь нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй болсон нийт иргэдийн 1990-1995 оны ажилласан жилийг нөхөн тооцох, 1995-2000 оны ирээдүйд тэтгэврийн даатгалд хамрагдахад нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох ажиллагааг ойлгохоор хуулийн төсөлд тусгажээ. Хэлэлцүүлгийн явцад нийгмийн даатгалын тогтолцоонд эрх зүйн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг гишүүд хэлж хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.Хуралдааны төгсгөлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай , Нийгмийн халамжийн тухай хуулиудын хэрэгжилт болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг сонсов.

Ажлын хэсэг улсын хэмжээнд 3 бүсэд, мөн нийслэлийн дүүргүүдэд хуваагдан ажилласан байна. Ажлын хэсгийн гол зорилго нь хуулийн хэрэгжилт бодит амьдрал дээр ямар байгааг газар дээр нь үзэж танилцах, дүгнэлт гаргах байсан гэлээ. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн П.Алтангэрэл хэлэхдээ, хууль цаасан дээр маш сайн хэрэгжилттэй байсан. Гэвч газар дээр нь явж танилцахад огт өөр байсан гэдгийг хэлж байлаа. Тухайлбал,600 өрх ядуурлаас гарсан мэдээлэл өгсөн ч бодит байдал дээр тэдгээр өрхийн нэр нь ч, хаяг нь байхүй байсан гээд ийм худлаа тайлан өгч хуурч болохгүй гэж байсан юм. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэ, Хөдөлмөр халамжийн суурь хууль батлагдсантай холбогдуулан энэ хуулийг хэрэгжүүлэх боломж ямар байна, ажилтнуудын ур чадвар, мэдлэг ямар байгаад шалгалт хийсэн. Цаашид хөдөлмөр халамжийн үйлчилгээний салбарт ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Янз бүрийн халамж, орон тоо гэхээсээ илүү суурь хуулийн хэрэгжилт бодит байдалд нийцэж байгаа эсэхэд анхаарах хэрэгтэй.

Бодит байдалтай танилцаж газар дээр нь очиход хийж хэрэгжүүлэх зүйлүүд нэлээдгүй анзаарагдаж байсан гэдгийг тодотгож байсан юм. Ингээд Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх Байнгын хорооны тогтоол гаргахаар тогтож, тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж үзэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.