Соня ганди
2012.07.06

Соня ганди

 

Түүний тухай хүмүүс олонтаа бичсэн. Гэлээ ч түүний нууцлаг байдал бүгдэд ил болчихоогүй. Учир нь энэ эмэгтэйн амьдрал гойд ер бусын тун ээдрээтэй. Нөхөрт гарахаас нь өмнө түүнийг Маино гэж дууддаг байж. Тэрбээр Умард Италийн Орбас сано гэдэг жижиг хотод төрсөн юм билээ. Эцэг нь фашистуудын талд Сталинградын ойролцоо тулалдаж яваад олзлогдсон юм гэдэг.

Түүний өрөө нь дүүрэн ном, харин бичсэн хүн нь ганцхан Бенито Муссолини байсан гэдэг яриа бий. Амьсгал хураатлаа Муссолини гэдэг хүнийг шүтэж явж. Маиногийн хашаан дотор гүйж явдаг нохойг "Сталин" гэж нэрлэсэн нь Зөвлөлтөд олзлогдож байсан үеийнхээ дурсгалд зориулсан гэлцдэг.

Соня Маиногийн хүүхэд нас тэнүүн жаргалтай байв. Европ, Италийг доргиож байсан улс төрийн хийрхлээс тэр хол байлаа. Охиноо 18 нас хүрэхэд эцэг нь англи хэл, уран зохиол судлуулахаар Кэмбриж рүү явуулахаар шийджээ. Энэ их сургууль амьдралыг нь орвонгоор нь өөрчлөх юм гэж тэр үед Соня яахин тааварлах.Дэлхийд хамгийн алдар цуутай гэр бүлийн гишүүн  болох хувь тавилан эхлэх  учиртай байсан юмсанж.

Авааль нөхөр Раживаа 'Тамил иламыг чөлөөлөх барс" гэдэг салан тусгаарлагч байгууллагын алан хядагчдын гарт амиа алдсаны нь дараахан гаргасан номдоо хатагтай Ганди ийн бичсэн байдаг. "1965 оны нэгдүгээр сарын 7-нд Кэмбрижид ирэхдээ би 18-тай байлаа. Намайг гадаадын оюутнуудад англи хэл заадаг коллежид оруулав. Би сургуулиас оноож өгсөн англи айлд амьдрах боллоо. Гэрээсээ анх удаа холдож буй минь энэ.

Грек маягийн жижиг зоогийн газар намайг үдийн хоол идэх үед миний суудаг ширээний эсрэг талд шуугиан чимээ ихтэй хэсэг залуус суудгийг би анзаарав. Гадаад төрх байдлаараа бусдын анхаарлыг татах нэг залуу тэдний дундаас ялгарч харагдана. Тэрбээр бусад шигээ биеэ бариад байхгүй, дотоод сэтгэл, зөөлөн аядуу ааш нь надад мэдрэгдээд ч байх шиг.


Том алаг нүдтэй, ер гэмгүй, сэтгэл татам инээвхийлэлтэй. Гэтэл нэг удаагийн үдийн хоолны үеэр найз минь намайг түүнтэй танилцуулав. Түүнийг Ражив гэдэг аж. Бид хоёр биеийнхээ нүд рүү харахад л би анхны харцаар дурлаж буйгаа мэдэрсэн. Тэр ч ялгаагүй тэгсэн гэсэн. Бид хамт байх ёстойгоо удалгүй ойлгож, хичээлийн бус цагаа цуг өнгөрөөх болсон

Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандийн хүү, ирээдүйн Ерөнхий сайд, тусгаар тогтносон Энэтхэг улсын анхны Ерөнхий сайд Жавахарлал Неругийн ач Ражив Ганди өөрийн гэргий, одоо бэлэвсэрч хоцроод буй, Ерөнхий сайдаар ажиллах ирээдүй тосож байх магадлал бүхий Соня Гандитай танилцсан түүх ийм буюу.

Энэ бол тун сонирхолтой тохиолдол юм. Энэтхэг улсыг Англиас туурга тусгаар болгосон цуутай удмын хүү энэтхэг залуу, эх орондоо англи хэлний багш болж очихоор ирсэн хөдөөгийн буйд хотхоны итали бүсгүй хоёр алс холын Англид нүүр учирч буй хэрэг шүү дээ.

Хуучны уламжлалыг сөрж хийсэн хүүгийнхээ санаад оромгүй сонголтыг бидний сайн мэдэх Индира Ганди түвэггүй ойлгож, бэрээ халуун дотноор угтжээ. Индира ч өөрөө цагтаа нөхрөө сонгохдоо эртний уламжлалыг бас л зөрчсөн нэгэн ажгуу. Соня ийнхүү Энэтхэг оронд хоёр дахь гэртэйгээ болох нь тэр.

Шинэ гэр бүлд бүх юм жам ёсоор. Ражив улсынхаа нисэх хүчний компанид нисгэгчээр ажиллана. Соня болохоор хүү Рахул, охин Триянка хоёроо асарна. Амьдралд хэлж ирдэг юм гэж байх биш. Раживын ах Санжай нисэх онгоцны ослоор амь үрэгдэв. Гэтэл ээж Индира Ганди нь чухам энэ хүүгээ улс төрийн залгамжлагчаа гэж үздэг. Улс төрийн амьдралд оруулахад түүнийг алгуур сургаж, бэлтгэж байжээ. Санжай байхгүй болсон ч Неру Гандигийн удам улс төрийн тавцанаас зайлна гэх бодол Индирагийн толгойд багтахгүй байлаа. Ражив хүүгээ улс төрд дургүйг нь тэрбээр мэддэг ч амьдралын байр суурийг нь хүндэлдэг байв.

Гэлээ ч Раживын ээлж яалт ч үгүй ирлээ. Индира Ганди алуурчны гарт амиа алдахад  түүнийг Ражив л орлох ёстой хэмээн Энэтхэгийн олон нийт үзлээ. Сонгууль болж Ражив илт давуугаар ялж, Ерөнхий сайд болов. Энэ үеийн тухай Соня "Ражив бид хоерын хооронд түвэгтэй байдал анх удаа бий болов. Би болохоор түүний төлөө хүүдүүдийнхээ төлөө, бидний хамтарч бий болгосон амьдралын төлөө, нөхрийнхөө учиргүй дуртай нисгэгчийн ажлын төлөө, бид хамтаараа хайрладаг эрх чөлөө, хүний ердийн эрхийн төлөө ёстой охин бар шиг тулалдаж байлаа" хэмээн бичсэн нь бий.

Тэгтэл энэ нь Сонягийн нуруун дээр ойчих эмгэнэлийн эхлэл нь байсансанж.

Суманд оногдож цус болсон нөхрийнхөө толгойг тэврэн буй Жаклин Кеннедийг дэлхий дахин мартаагүй. Чухам ийм тавиланг Соня бас туулах учиртай байж.


1984 оны есдүгээр сарын 31-ний өглөө тэрбээр буун дуу сонсоод сэрмэгцээ гүйн  гарвал хоёр дахь ээж Индира Ганди нь цусандаа хутгалдчихсан хэвтэж байлаа. Түүнийг хамгаалагчдынх нь нэг буудчихжээ. Тэр сикх үндэстэн байв. Тэр үед сикхүуд салан тусгаарлах сэтгэлээр хандаж, Пенжаб мужийг Энэтхэгээс салгаж, пакистанчуудтай хамтарч Халистан гэдэг улсыг үндэслэхээр завдаж байсан юм. Соня амьсгал хураасан хадам эхийнхээ цогцсыг цэргийн эмнэлэг рүү авч явалцлаа. Иидира эргэж ирэхгүй "аянд" явсан гэдэгт тэр итгэж чадахгүй, цус нөж болсон биеийг нъ замын турш биедээ нааж явлаа.

Сриперумбудур гэдэг газар нөхрийг нь нөгөө л 'Тамил иламыг чөлөөлөх барс" гэдэг алан хядагч байгууллагын сохроор итгэгч эмэгтэй буудан амийг нь бүрэлгэсэн тухай аймшигт мэдээ Соня 1991 оны тавдугаар сарын 19-нд хүлээж авлаа. Ээж, хүү хоёр ийнхүү салан тусгаарлагчдын гарт амиа алдав.

Энэ цагаас хойш Соня чимээ аниргүй болж, алан хядах ажиллагааны улмаас хохирогсдод туслах зорилготой Ражив Гандийн сангийн үйл ажиллагаанд бүх хүчин зүтгэлээ чиглүүлж байлаа. Гэлээ ч Жавахарлал Неру үүсгэн байгуулж, Индира болон Ражив Ганди нар удирдаж байсан намын удирдах байгууллага болох Бүх Энэтхэгийн конгрессийн хорооны хуралдаануудад оролцохыг урина. Түүгээр ч барахгүй улс төрийн арга хэмжээнд оролцож, улмаар намыг тэргүүлэхийг нэг бус удаа санал болгосон ч тэрбээр татгалзсаар байв.

Тэглээ ч их улс төрд орох шийдвэр гаргахдаа Соня ямар зорилго өвөрлөснийг одоо таахад бэрх. Неру-Гандигийн удмыг залгах хүүхдүүдийн ирээдүйг намынхаас илүү хайрлах сэтгэл нь түүнийг хөтөлсөн байж ч мэднэ. Ямар ч байлаа гэсэн энэ эмэгтэй Конгрессийн ахмад гишүүдийн өөдөөс явж, намын бүрэлдэхүүнд орж, түүний тэргүүн болж, 1999 онд Парламентын анхны сонгуульд оролцлоо. Гэвч тун бага үзүүлэлтээр өрсөлдөгчөөсөө сүүлдэв. Намын дотоод зөрчил ч нөлөөлөв.


1999 оноос хойш өнгөрсөн хугацаанд Соня Ганди намынхаа дотор шийдвэртэй цэвэрлэгээ хийж, сахилга дэг журмыг сайжруулж, зохион байгуулалтын ажлыг цэгцэлж байлаа. Энэ явцдаа хамгийн гол нь  улстөрч болоход өөрөө суралцав. Тэрбээр Индира Гандийн биеэ авч явах байдал, үг хэлж байх үеийн торх төлөвийг шаргуу судаллаа. Энэтхэгийн албан ёсны хоёр дахь хэл болдог хинди хэлийг сайн сурав. Улс төрийн тэмцлийн болон сөрөг хүчний удирдагчийн туршлага ч түүнд суув.

Яваандаа түүнийг Энэтхэг орон хүлээн зөвшөөрч байлаа. Соня гадаадын хүн байхаа больж, улс төрийн томоохон намын жинхэнэ удирдагч болж төлөвшиж байв. Охин нь бизнесмен Вадратай суусан ч нөлөөлөв. Соня эмээ болов. Энэтхэгт гэр бүлийн амьдралын уламжлалд онцгой ханддаг бөгөөд тухайн айлд бүх юм хэм хэмжээндээ байвал ялангуяа эзэгтэйг нь зөв зам дээр байна гэж үздэг.

Сонягийн том хүү Рахул Ганди эцэгтэйгээ гойд адилхан. Тэрбээр Уттар-прадеш мужийн Аметхи тойргийн сонгуульд өрсөлдөөд өнгөлөв. Энэ тойрогт Ражив Ганди ч бас нэр дэвшдэг байсан юм. Гадаадын эмэгтэй хүн Ерөнхий сайд байж болохгүй гэсэн шүүмжлэгчийн асуултад хариулахдаа дүү Приянка нь маргалдахыг ашиггүй хэмээн үзэж, ердөө л "Намайг хар даа. Би гадаадын хүн байна гэж уу. Соня Ганди чинь миний ээж" хэмээн хариулахад нь хүмүүс жигтэйхэн талархсан гэдэг.

Хэсэг хугацаа өнгөрөхөд Приянка ч улс төрд идэвхтэй орно гэдгийг энэтхэгчүүд үгүйсгэхгүй болжээ. Тэгэх юм бол Соня ажил нь бялхаж байдаг нөгөө Ражив Гандийн сандаа эргэн очно. Нөхрөө Энэтхэгийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан 1984-1989 онд Соня идэвхтэй уйл ажиллагаа явуулах болсон байна. Гэвч Гандийн гэр бүлд хамаарагдаж байсны хувьд улс төрийн ажил үйлс эрхлэхийг Үндэсний Конгресс намын зарим гишүүн хүсжээ. Соня татгалзсан хариу өгч зургаан жил улс төрөөс хөндий явсан байна.

Соня татгалзсанаас Нарасимха Рао намыг тэргүүлэх боллоо. 1998 оноос Соня улс төрийн шатаар өгсөхөөр шийдлээ. Түүнийг Энэтхэгт төрөөгүй, нөхөрт гарснаасаа хойш 15 жилийн дараа Энэтхэгийн иргэн байхаас татгалзсан, хинди хэлэнд муу хэмээн улс төрийн хүрээнийхэн ямагт адална.


1999 онд Соня Лок Сабха дахь сөрөг хучний удирдагчаар сонгогдож, 2004 онд Ерөнхий сайд Атал Важпай тэргүүтэй Бхарати Жаната нам гол үүрэг гүйцэтгэдэг Үндэсний ардчилсан эвслийг унагахын тулд түүний эсрэг кампанит ажил идэвхтэй өрнүүлэв.

Энэтхэгийн Үндэсний Конгресс нам сонгуульд шуугиан тарьсан ялалт байгуулснаар Соня Ганди Ерөнхий сайдын үүрэг хүлээх гол хүн болсон ч гадаадын гаралтай эмэгтэй хүнийг ийм албанд суулгахын эсрэг өргөн хүрээтэй ажлыг улс төрийн өрсөлдөгчид нь өрнүүлсэн учир "үндэстний эв нэгдлийг'хадгалах" үүднээс тэрбээр үүнээс татгалзсан юм. Тэгээд Соня Гандийн санал болгосон Манмохан Сингх Ерөнхий сайд  болж байлаа.

Соня  Гандин түүх, соёл, урлаг зураг, бурхан бүтээх урлагт сонирхдог. Англи, хинди, франц, испани хэл мэднэ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.