Тусгаар улсуудын халдашгүй эрхийн талаар Америк, Орос санал зөрөлдөв
2012.03.14

Тусгаар улсуудын халдашгүй эрхийн талаар Америк, Орос санал зөрөлдөв

 

  • Энэ нь НАТО-д ч хамаатай. НАТО уг нь Ливийн тэнгэрт нислэггүй бүсийг хангах ёстой байтал үнэндээ өөрсдөө хамаа намаагүй бөмбөгдсөн.
  • Гэтэл Хиллари Клинтон “Засгийн газар хэрэв өөрсдийн ард иргэдийг хороож, устгаад эхэлбэл тухайн улс орны тусгаар тогтнол нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс аливаа арга хэмжээ авахад саад тотгор болох ёсгүй” хэмээн хариу барив.
  • С.Лавров, Х.Клинтон нар уулзалтын үеэр Сирийн асуудлаас гадна Орос оронд болж өнгөрсөн сонгуулийн дараах хоёр орны харилцааг авч хэлэлцсэн байна.

НҮБ-ын төв байранд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар уулзаж, орчин үеийн ертөнц дэх тусгаар улсуудын халдашгүй эрхийн талаар маргалдав.

С.Лавров Нью-Йоркт очихын өмнө Каирт Арабын ор­­нуудын лиг /АОЛ/-тэй хэлэл­цээр хийж, тохирол­цоонд хүрч чаджээ. Талууд Сирийн асуудлыг энх тайвнаар зохицуулах таван зарчим бүхий төлөвлөгөөг баталсан байна. Үүнд: бүх тал хүчирхийллийг зогсоох, хяналтын зөв механизм тогтоох, хөндлөнгийн ямар ч оролцоо байх ёсгүй, хүмүүнлэгийн тусламжийг сиричүүдэд саадгүй хүргэх, мөн НҮБ, Кофи Аннаны гар­гасан санаачилгыг дэмжих.

Тус уулзалт дээр Сергей Лавров Сирийн талаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолыг дэмжих болзлоо зарлав. Тэрбээр “Хамгийн гол нь тус баримт бичиг нь Арабын орнуудын Лигтэй /АОЛ/ зөвшилцөх үед тохиролцсон таван зарчим дээр тулгуурлах ёстой. Аливаа дэглэмийг унагахыг яаран шаардах, тухайн улс оронд эдийн засгийн хүндрэл үүсгэн, нийгмийн байдлыг хурцатгах зорилгоор дангаар хориг тогтоох, харилцан ярилцахын оронд сөрөг хүчнийг нь эрх баригчдын өөдөөс турхирах, зэвсэгт тэмцэл, тэр бүү хэл гаднаас халдан түрэмгийлэхийг уриалах нь геополитикийн маш эрсдэлтэй жор. Энэ нь зөрчлийг улам дэврээхэд хүргэнэ” хэмээн мэдэгдлээ.

Харин АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Хил­лари Клин­тон түүний саналыг эрс няцааж, “Сирийн Ерөн­хийлөгч Башар Асад болон сөрөг хүчний талаас үйл­дэж буй хүчир­хийл­лийг нэг түв­шинд авч үзэхгүй” хэмээ­жээ.

Оросын Гадаад харилцааны сайд С.Лавров энэ удаа ха­туухан мэдэгдэл хийж, НАТО-г шүүмжлэв. “Арабын хаврын үйл явдлаас үзэхэд гадаад улстөрийн зорилгодоо хүрэхийн тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг гуйвуулан ашиглах нь байж болшгүй зүйл. Ямар ч нөхцөл байдалд, ямар ч зорилго тавьсан дэлхий нийтийг төөрөгдүүлж болохгүй. Эсрэг тохиолдолд Аюулгүйн зөвлөлийн нэр хүнд, улмаар гишүүдийн итгэлцэл нуран унана. Энэ нь цаашид тус зөвлөлийн шийдвэр гаргах чадварт нөлөөлөх юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мандатыг хэрэгжүүлж байгаа байгууллагууд, улс орнууд тус зөвлөлийн өмнө бүрэн хэмжээгээр тайлан тавьж, хариуцлага хүлээх ёстой.

Энэ нь НАТО-д ч хамаатай. НАТО уг нь Ливийн тэнгэрт нислэггүй бүсийг хангах ёстой байтал үнэндээ өөрсдөө хамаа намаагүй бөмбөгдсөн. Энэ хэргийг одоо хүртэл мөр­дөө­гүй байгаа. НҮБ-ын Ерөн­хий нарийн бичгийн дар­га энэ асуудлыг тод­руулах ёс­той” хэмээн тэрбээр мэдэгд­сэн.

Гэтэл Хиллари Клинтон “Зас­гийн газар хэрэв өөрс­дийн ард иргэдийг хороож, уст­гаад эхэлбэл тухайн улс орны тусгаар тогтнол нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс аливаа арга хэмжээ авахад саад тотгор болох ёсгүй” хэмээн хариу барив. Тэрбээр цааш нь өгүүлэхдээ “АНУ дэлхийн улс орнуудын бүхэл бүтэн байдлыг хүндэтгэдэг ч Засгийн газар нь өөрсдийн иргэдийг бөөнөөр хоморголон устгаж, улмаар бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлбэл тусгаар тогтнолоос болоод бид дуугаа хураах ёсгүй” хэмээжээ. Гэхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “С.Лав­ровын Каирт хийсэн айлч­лалын үр дүнг тооцон үзнэ. Мөн таван зарчмыг ч ялгаагүй. Одоо бүх орон, өмнө нь хориг тавьсан орнууд хүртэл асуудалд хүмүүнлэг байдлаар хандах цаг боллоо гэж бид үзэж байна” хэмээн нэмж хэлжээ.

С.Лавров, Х.Клинтон нар уулзалтын үеэр Сирийн асуудлаас гадна Орос оронд болж өнгөрсөн сонгуулийн дараах хоёр орны харилцааг авч хэлэлцсэн байна.

Хоёр орны уулзалтын та­лаар АНУ-ын шинжээч Ариэль Коэн “ОХУ-ын тавь­сан болзлыг өрнөдийн орнууд дэмжих нь юу л бол. Одоо харин тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тог­тоолд хориг тавих биз” хэмээн мэдэгдлээ. Ихэнх шинжээч мөн ийм гутранги таамаглал дэвшүүлж байна.

Нэмж өгүүлэхэд Сирийн босог­чид улс орондоо нислэггүй бүс тогтоохыг шаардаж, олон улсын цэргийг оруулах хүсэлтийг НҮБ-д тавьсан юм байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.