Америк, Хятадын төрийн түшээдийн орлогыг харьцуулжээ
Америк болон Хятадын төрийн түшээдийн алиных нь орлого илүү байдаг талаар "Hurun Report"-д харьцуулалт хийжээ. Судалгааны дүнгээр Хятадын парламент болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын зөвхөн 70 гишүүний өнгөрсөн оны орлого гэхэд АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний засаг захиргаа, мөн Конгрессийн 535 гишүүн болоод АНУ-ын Дээд шүүхийн гишүүдийн орлогыг нийлүүлснээс хол давсан үзүүлэлттэй гарчээ.
Өнгөрсөн оны сүүлээр тэдний нийт орлого 89.8 тэрбум ам.доллар байсан нь өмнөх онтой нь харьцуулахад 11.5 тэрбум ам.доллараар өссөн байна. Хятадын парламентын хамгийн баян гишүүн нь "Wahaha" компанийн удирдах зөвлөлийн дарга Зун Цинхоу юм. Түүний нийт хөрөнгө 68 тэрбум юань аж. Мөн тэрбээр Хятадын тэргүүлэх баячуудын жагсаалтын хоёрдугаарт орсон байна. Үүний зэрэгцээ тус улсын парламент дахь хамгийн баян эмэгтэй бол "Long for Properties"-ийн тэргүүн Ву Яхун юм.
Түүний нийт хөрөнгө 42 тэрбум юань аж. Хятадын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын хурлын ардын төлөөлөгчдийн их хурлын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг. Тус парламент нь ойролцоогоор гурван мянган гишүүнтэй юм. "Блүүмберг"-т мэдээлсэнээр АНУ-ын Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага болон шүүхийн байгууллага дахь баячуудын нийт хөрөнгө 7.5 тэрбум ам.доллар болжээ. Ингэхдээ судлаачид тэдгээр баячуулын төрийн албан дахь орлого болон хувийн активуудыг нь харгалзсан байна.