Ангела Меркел БНХАУ-ыг ятгана
Германы Канцлер Ангела Меркел энэ долоо хоногт Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа талаар "Deutchenews" агентлаг мэдээлэв.
Айлчлалын зорилго нь Бээжингийн эрх баригчдыг Иранаас импортолдог газрын тосны хэмжээгээ бууруулахыг ятгах талаар Канцлер өөрөө мэдэгдсэн байна. Ираны эсрэг эдийн засгийн хориг тавихыг ОХУ болон Хятад эсэргүүцэж байгаа юм.
Энэтхэгийн Сангийн сайд саяхан Иранаас импортолдог газрын тосны хэмжээгээ бууруулах боломжгүй, харин ч нэмэх шийдвэр гаргасан юм. Хэрэв Хятад Иранаас импортолдог нефтийн хэмжээгээ багасгаж, АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд, Европын холбооноос тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг дэмжвэл ирэх долоодугаар сарын 1-нээс хориг хэрэгжиж эхлэх аж.
Учир нь Ираны нефтийн худалдааны одоо хэрэгжиж буй гэрээний хугацаа тэр үед дуусах юм байна. Хятад Иранаас импортолдог нефтийн хэмжээг багасгавал Европын холбооны хориг Ираны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох газрын тосны худалдаанд том цохилт өгөх нь ойлгомжтой.
Хятад, Энэтхэг зэрэг орнууд Ираны газрын тосны хамгийн том импортлогчид бөгөөд газрын тосны экспортын гуравны нэг хувийг худалдаж авдаг.