В.Путиний “Эдийн засгийн шинэ зорилтууд”
- “Хувьчлалын дүрэм, зарчмыг өөрчлөх хэрэггүй гэсэн Путиний үгтэй санал нэгтэй байна.
- Гэхдээ улсын хувийг багасгавал яваандаа энэ нь иргэдийн орон байр, эзэмшил газрыг нь булааж авна гэсэн үг
- Нийт ажлын байрны 50-иас доошгүй хувийг жижиг бизнесийнхэн бүрдүүлэх ёстой, харин энэ тоо одоо дөнгөж 20 гаруйхан хувьтай байна
В.Путин сонгуулийн өмнөх гурав дахь өгүүллээ нийтлүүлсэн байна. Түүний өгүүллийн эхнийх нь энэ сарын 16-нд “Известия” сонинд хэвлэгдсэн юм. Тэрээр энэхүү өгүүлэлдээ улс орны өмнө тулгарч байгаа сорилтуудыг тодруулсан юм. Харин долоо хоногийн дараа “Независимая газета” сонинд үндэстний асуудлын талаархи өгүүлэл нь нийтлэгдсэн билээ. Энэ удаагийн нийтлэлээ тэрээр “Ведомости” сонинд “Эдийн засгийн шинэ зорилтууд” нэртэйгээр хэвлүүлсэн бөгөөд үүндээ эдийн засгийн шинэчлэлийн асуудлыг сөхсөнийг бүрэн эхээр нь нийтэлжээ. Харин удахгүй улс орны Зэвсэгт хүчин, нийгмийн байгуулалтын тухай сэдвийг хөндөхөөр төлөвлөөд байгаа аж. Эдгээр өгүүллүүдийн сэдвүүд нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч В.Путиний сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгалаа олох юм байна.
“Орчин үеийн технологи дээр суурилсан, өрсөлдөх чадвартай аж үйлдвэртэй шинэ эдийн засаг Орос оронд хэрэгтэй. Ойрын хугацаанд бид бизнесийн тааламжтай нөхцөлийн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орон болох ёстой” хэмээн тэрээр онцлоод тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хэд хэдэн санал дэвшүүлжээ. В.Путиний дэвшүүлж буй эхний санаа бол технологийн хоцрогдлыг арилгах юм. “90-ээд оны хувьчлал шударга бусаар явагдсан. ЗХУ задарснаас хойш ОХУ өөрийн эдийн засгаа байгалийн баялгынхаа хүчээр босголоо. Энэ хугацаанд улс орны хүнд үйлдвэрлэл бараг хаягдсан. ОХУ өнөөдөр ч гэсэн хэрэглээний бараа, технологийн хувьд гаднаас бүрэн хамааралтай хэвээр байна.
Энэ байдлыг халах цаг нэгэнт болсон” хэмээжээ. Тэргүүлэх салбаруудын дунд тэрээр эм, эмийн бүтээгдэхүүн, өндөр технологийн хими, төмөрлөг бус болон композит материалууд, нисэх онгоцны аж үйлдвэр, мэдээлэл, харилцааны болон нано технологиудыг нэрлэлээ. Харин үүнийг нь дэмжих төр засгийн маш ухаалаг бодлого хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн байна. “Гэхдээ өрсөлдөх чадвартай технологийг хөгжүүлэх асуудал зөвхөн улсын нуруун дээр байх ёсгүй. Хамгийн гол нь хувийн хөрөнгийг татан оролцуулах ёстой” гэдгийг тэмдэглээд, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын зах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, улс оронд ажил хэрэгч уур амьсгалыг сайжруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах зэргийг санал болгосон байна. Мөн дэд бүтцийн салбарт хэрэгжих нүсэр том төслүүдийг дэмжинэ гэдгээ Путин амаллаа. Үүнд юуны өмнө, Сибирь болон Алс Дорнодтой найдвартай холбох тээврийн сүлжээг хөгжүүлэх асуудлыг онцолжээ.
Түүний энэхүү өгүүллийг бизнес, эдийн засгийн хүрээнийхэн ихэд дэмжиж байгаа бөгөөд өөрсдийн санал бодлыг нэмж тусгасан байна.
“Компаниуд тавьсан зорилгоо биелүүлэхэд туслах чадвартай бодитой хөшүүрэг, арга барил төр засагт байгаа. Компаниуд өөрсдийн нөөц бололцоог зөв дайчилж, зөв зарцуулахад туслах хуулиудыг шинэчлэх ёстой. Хувийн болон улсын хөрөнгө оруулалтын харьцаа бас ижил бус байна. Үнэн хэрэгтээ дэлхийн туршлагаас харж байхад улсын компаниуд гэдэг бас тийм ч муу зүйл биш. Тиймээс эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаад хэрэггүй байх гэж би хувьдаа бодож байна. Харин эдгээр компаниудын үйл ажиллагаа ил тод байх ёстой гэдэг нь ойлгомжтой. Учир нь, эдгээр компаниуд дотор чухам юу болж байгаа, мөнгө хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа зэргийг ойлгож байгаа хүн ховор байдаг. Энэ байдал л хээл хахуулийн таатай уур амьсалыг бий болгож байгаа юм” гэж эдийн засагч Алексей Зудин хэлжээ. Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Сергей Катырин “90-ээд оны хувьчлал шударга бус байсан нь үнэн.
Шударга бус явдлын золиос нь жирийн ард иргэд байсан” гэдгийг тэмдэглэн хэлээд үүний учир нь тэд хувьчлалд бэлэн байгаагүй, дээр нь эрх баригчид зохих ёсоор тайлбарлан таниулж өгөөгүйтэй холбоотойг дурдлаа. Төрийн тэргүүний албан тушаалд өрсөлдөж байгаа тэрбумтан Михаил Прохоров “Московские новости” сонинд ярилцлага өгөхдөө Путиний бичсэн “Эдийн засгийн шинэ зорилтууд” хэмээх өгүүллийн талаар өөрийн бодлыг хэлжээ. “Хувьчлалын дүрэм, зарчмыг өөрчлөх хэрэггүй гэсэн Путиний үгтэй санал нэгтэй байна.
Гэхдээ улсын хувийг багасгавал яваандаа энэ нь иргэдийн орон байр, эзэмшил газрыг нь булааж авна гэсэн үг. Тиймээс энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй” гэсэн байна. “Опоры России” гэдэг олон нийтийн байгууллагын тэргүүн Сергей Борисовын хувьд, хувьчлалд оролцон тоглогчид одоо нийгмийн хариуцлагаа илүү ихээр ухамсарлах хэрэгтэйг санууллаа. “Жишээ нь, АНУ-д гэхэд хямрал өнгөрсний дараа ихэнх том корпорац болон санхүүгийн байгууллагууд жижиг бизнесийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн билээ.
“Голдман Сакс”-аар жишээ татахад, компани 10 мянган жижиг үйлдвэрийг дэмжин хөгжүүлэхийн тулд 500 сая доллар хандивлаж байсан юм” хэмээн тэрээр дурдлаа. Нийт ажлын байрны 50-иас доошгүй хувийг жижиг бизнесийнхэн бүрдүүлэх ёстой, харин энэ тоо одоо дөнгөж 20 гаруйхан хувьтай байна гэж Путин анх удаа тодорхой тоо баримт дурдан ярьсныг Борисов санууллаа. Харин татварын асуудлаар Путиний хэлсэн үг шинэчлэлийн утга агуулгаар ядмаг байсан гэж хэмээн тэрээр дүгнээд “Хэрвээ бид хөрөнгө оруулагчдыг татахыг үнэхээр хүсч байгаа бол, бизнесийн тааламжтай нөхцөлийн үзүүлэлтээр дэлхийд 120 дугаар байрт байгаагаасаа урагшлахыг хүсч байгаа бол үйлдвэрлэлийн салбарт ногдуулдаг татвараа дор хаяж 40 хувь бууруулж, Путиний жишээ татаад байгаа Казахстаны төвшинд хүргэх хэрэгтэй” гэжээ.