2012.02.02
Нефтийн үнэ, долларын ханшны гажгийг засахаар хоёр долоо хоног ажиллажээ
Валютын ханш, шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлт, энэ талаар цаашид авах арга хэмжээний талаар Төрийн ордны хуралдааны Г танхимд өчигдөр хэвлэлийн бага хурал болжээ. Хуралд Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, АН-аас тус хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн Б.Батбаяр, С.Эрдэнэ нар оролцож, ажлын хэсгийнхнээс гаргасан санал дүгнэлтийг сэтгүүлчдэд танилцуулсан юм.
Хурлыг нээж хэлсэн үгэндээ Д.Ганхуяг гишүүн:
-Долларын ханш өссөн шалтгаанаар нефть импортлогчид бензин шатахууны үнийг нэмсэн. Үнэ өссөн энэ шалтгааныг тодруулах зорилгоор УИХ-ын ЭЗБХ-нд байдаг АН, МАН хоёр намын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, нефтийн үнэ, долларын ханшны гажгийг засахаар хоёр долоо хоног ажиллалаа.Энэ санал дүгнэлтийг ажлын хэсгийнхэн өөрсдөө зохиогоогүй, Монгол банк, Нефть Импортлогчдын холбоо, Монголын банкнуудын холбоо, ШӨХТГ гэх мэт холбогдох олон газраас авсан мэдээлэл, шалгалтын дүнд үндэслэн гаргасан бөгөөд үдээс хойш зөвхөн энэ асуудлаар хуралдах гэсэн боловч ЭЗБХ-ны гишүүдийн ирц хүрээгүйн улмаас энэ чухал асуудлыг хэлэлцэж чадсангүй. Валютын ханш өссөн, түүнийг дагаад шатахууны үнэ өсгөсөн нь Засгийн газар, холбогдох бусад төрийн байгууллага зохицуулах үүргээ тун тааруу гүйцэтгэсэнтэй холбоотой. Энэ өсөлт нь нийгэмд, тэр тусмаа иргэд, айл өрх, аж ахуйн нэгжид хүчтэй үнийн хөөрөгдлийн дарамт үүсгэлээ. Олон арван сая хүн амтай, нефтьгүй улс орнууд энэ асуудлыг хэдэн 10 жил хангалттай шийдсээр ирсэн. Монголын төрд ч энэ харилцааг зохицуулах бүрэн боломж бий.
Бид чадах ёстой, харин чадахгүй бол холбогдох албан тушаалтнууд нь байраа тавьж өгсөн нь дээр” гэлээ. Түүний өгүүлснээр бол олон улсын зах зээл дээр америк долларын ханш харьцангуй тогтвортой байхад манай зах зээл дээр сүүлийн 4-5 сарын хугацаанд төгрөгтэй харьцах долларын ханш чангарсаар 2012 оны эхээр огцом өсч 1400 төгрөгтэй тэнцэж байгаа нь бодитой биш тоо, дор хаяж 10 хувиар буруулах боломж байгаа аж.
“Монгол банк нь ашгийн төлөө бус, улс орны эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллах үндсэн зорилготой байгууллага атал 2010 оны балансын алдагдлаа нөхөх, 2011 онд алдагдал багатай гарахын тулд дотоод зах зээл дээр өнгөрсөн 8-р сараас өсч эхэлсэн долларын эрэлтэд зохих зохицуулалт хийгээгүйгээс оны сүүл болон энэ оны нэгдүгээр сарын эхээр валютын ханш огцом өссөн. УИХ-ын ЭЗБХ-ноос төгрөгийн ханшийг хэлбэлзүүлэх байдлаар алдагдлаа нөхөж болохгүй гэж албан бичгээр чиглэл өгсөөр байтал Монгол банк түүнийг хэрэгжүүлээгүй.
Хэрэв валютын захын үйл ажиллагаанд цаг тухайд нь оролцож байсан бол долларын ханшийг огцом хөөрөгдүүлэхгүй байх боломж байсан. Хэдийгээр тус банк 2011 оны 11, 12-р сард төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийсэн ч ханш уналтыг зогсоож чадаагүй. Тийм учраас Монгол банкны удирдлагатай хариуцлага тооцох ёстой” гэж тэрбээр ярьсан юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Нийгэмд тулгамдаад байгаа хамгийн гол асуудал болох валютын ханш, нефтийн бүтээгэдэхүүний үнийн өсөлт айл өрхийн амьдралд ямар ноцтой хохирол учрууж байгааг тооцохын аргагүй. Өргөн хэрэглээний барааны үнэ 10-15 хувиар өсөж, удахгүй болох цагаан сарын баяртай зэрэгцэн үнийн хөөрөгдөл явагдаж байна. Монгол банкны удирдлага маш хариуцлагагүй алхам хийж, ард иргэдийнхээ халааснаас алдагдлаа нөхөх амташсан аргаа ахин хэрэглэлээ. Нефть импорлогчид үүнийг нь ашиглан төрийн оролцоотойгоор үгсэн хуйвалдсан.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 144 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Өрсөлдөөний тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш “Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй үнэ тохирох” үйл ажиллагаагаа үргэлжлүүлж ирсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Уг нь хууль батлагдсанаар энэ бүтцийг татан буулгах ёстой атал дээрх тушаалыг цуцлаагүй нь хууль бус явдал байсан.
Тиймээс хууль зөрчсөн энэ үйл ажиллагааг таслан зогсоогоогүй салбарын сайдад хариуцлага тооцох ёстой” гээд үгсэн хуйвалдсан компаниудын нефть импортлох эрхийг цуцлах хүртэл хариуцлага тооцно гэж ярьж байсан Ерөнхий сайд өнөө хүртэл тэдэнтэй хариуцлага тооцоогүй байгааг шүүмжиллээ.
Ажлын хэсгийн гишүүн Б.Батбаяр “Олон жил яригдаж байгаа энэ ужиг асуудлыг шийдэж, нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд нефть импортлогч компаниудад дор хаяж 80 тэрбум төгрөгийн татаасыг татвар төлөгчдийн мөнгөнөөс олгон, УИХ-ын тогтоолоор зарим татварыг тэглэж, заримыг нь хөнгөлөх зэргээр удаа дараа арга хэмжээ авсаар атал байнга алдагдалтай ажиллаж байна гэдэг.
Монгол Улс жилдээ сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолдийн 25-30 хувь нь нийтийн хэрэглээнд, үлдсэн нь том компаниудад ногддог. Сүүлийн таван жилд эдгээр компанийн үндсэн харөнгө 4 дахин, ашиг нь 8 дахин нэмэгдсэн байхад ард түмний амьжиргаа улам дордож ядуурал нэмэгдсээр байгаа тул эдгээр компанийн лицензийг Засгийн газар авах хэрэгтэй гэж үзэж байна.
Дээрх компаниуд нь бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх үед болон түүнээс хойш 2011 онд импортлон, валютын ханшны үнийн өсөлт ороогүй үнээр авсан газрын тосны бүтээгдэхүүн борлуулж байгаа нь бэлтгэн нийлүүлэгч компаниас ирүүлсэн баримт, газрын тосны бүтээгдэхүүний нөөц хэвийн хэмжээнд байгаагаар нотлогдож байгаа” гэсэн юм.
Ажлын хэсгийнхэн сэтгүүлчдэд мэдээлэл хийснийхээ дараа ЭЗБХ-ны өнөөдрийн хуралдаан дээр танилцуулахаар зэхсэн шатахууны үнийн өсөлтийн талаархи санал, дүгнэлт болон энэ чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авах талаар дэвшүүлж буй саналаа танилцуулсан мэдээллийг сэтгүүлчдэд тараалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.