Улсын төсөвт баялаг бүтээх, ажлын байр нэмэгдүүлэх, ашиг орлого олох нэг ч төгрөг тавиагүй
2020.11.13

Улсын төсөвт баялаг бүтээх, ажлын байр нэмэгдүүлэх, ашиг орлого олох нэг ч төгрөг тавиагүй

УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.

Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого нэлээд шүүмжлэл дагуулж байна. АН-ын бүлэг мөнгөний бодлогыг шүүмжилж тодорхой акц хийсэн ч, дэлгэж тавсан ч эрх баригчид баталчихлаа...?

УИХ-ын Чуулган дээр 2021 оны төсвийн тухай хууль, дагаж мөрдөх хуулиуд хэлэлцэж байна. Мөн саяхан 2021 онд баримтлах мөнгөний бодлогыг баталлаа. Энэ хоёр чухал асуудал дээр АН-ын бүлгээс нэлээд сөрөг байр суурьтай байна. Байр сууриа илэрхийлж, улс төрийн тодорхой акцуудыг хийсэн. Мөнгөний бодлогыг жил бүр УИХ-аар танилцуулаад явдаг. Гэхдээ дорвитой ахиц, сайжрал харагдахгүй байна.

Мөнгөний бодлогыг барьж хэрэгжүүлдэг газар нь Монголбанк. Монгол төгрөг тогтвортой байх ёстой. Энэ үндсэн хоёр гол ажлыг Монголбанк хангалтгүй хийж байгаа. Жишээ нь, 2016 оны долдугаар сард ам.долларын ханш 1960 төгрөг байсан бол өнөөдөр 2860 төгрөг болж, төгрөгийн ханш гуравны нэг дахин уналаа. Бараг мянгаад төгрөгөөр уначихаад байна.

Монгол Улс өөрөө импортын хараат байдал өндөр. Валютын ханш өсч, төгрөгийн ханш сулрах энэ үзэгдэл нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж байна. Юмны үнэ өсөөд байдаг, иргэдийн цалин, тэтгэврийн хэмжээ нэмэгдээгүй ийм байдалтай байгаа. Жишээлбэл, 2016 онд нэг кг цагаан будаа авч байсан, мөнгөн дүнгээр өнөөдөр 600 грамм будаа авч байна.  Энэ бол бодит байдал. Иргэдийн нуруун дээр жил ирэх тусам ачаа нэмэгдэж, ядуурлыг бий болгож байгаа учраас АН бүлэг акц гаргаж, бодит байдлыг танхимд байгаа гишүүдэд танилцууллаа.

Ардын намаас монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй байна гэж маш их чанга дуугаар хашгирдаг байсан. Өнөөдөр Ардын намыг засаг барьснаас хойш өнгөрсөн хугацаанд энэ тоо бараг нэг дахин буюу Монгол хүн бүр 27.4 сая төгрөгийн өртэй байгаа. Энэ асуудал дээр ямар бодлого баримталж байгаа нь тодорхойгүй.

Төсвийн тэгш бус хуваарилалт дээр олон шүүмжлэл гарч байна?

Төсвийн хуваарилалт тэгш бус ялгавартай байгаад харамсаж байна. Баялаг бүтээж байгаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа, ажлын байр нэмэгдүүлж, ашиг орлого олох энэ тал дээр төсөв дээр нэг ч төгрөг тавиагүй.

Тэгсэн хэрнээ дарга нарын, Сангийн сайдын, Их хурлын даргын бусад нөлөө бүхий хүмүүсийн төрсөн аймаг орон нутгуудад бусад аймгуудаасаа арав дахин их төсөв тавигдаж байх жишээтэй.

Монгол Улс үндсэн хуулиндаа иргэн бүр тэгш эрхтэй. Хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамаарч хүн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг ч төсөв тавихдаа  ингэж ялгаж буй нь хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж би хувьдаа дүгнэж байна.

Увс аймагт сүүлийн хоёр жил 73 нэр төрлийн арга хэмжээн дээр 220 гаруй тэрбум төгрөгийн төсөв тавигдсан байх жишээтэй. Гэтэл Булган, Дундговь зэрэг аймагт төсөв маш бага тавигдлаа. Шаардлагагүй урсгал зардлыг нэмдэг, царцааж, танаж болох хөрөнгө оруулалтууд байхад ямар ч өөрчлөлт хийхгүй. Хэт хавтгайрч, ковидоор халхавчилсан халамж руу чиглэсэн ийм л төсөв явж байна.

Баялаг бүтээгчид, орлого олох  чиглэлд нэг ч төгрөг төсөвлөхгүй байна гэлээ. Тухайлбал...?

Монгол Улсыг нэг айл гэж авч үзвэл нэг өрх сардаа цалин, бизнесээс хэдэн төгрөгийг орлого олно. Энэ мөнгөө ийм ийм зүйлд зарцуулна гэж хуваарилж, бас бага зэргийг илүү гаргаж тэрийгээ банкинд хадгалуулж, хуримтлуулдаг. Гэтэл манай улс яг үүний эсрэг явж байна.

Олж байгаа мөнгөнөөсөө давуулсан зарлага хийгээд, дутвэл банк, ломбарднаас зээлээд явдаг ийм л айлтай адилхан явж байна. Юун хуримтлал шимтгэлийн тухай ярих боломжгүй болчихлоо.

Энэ жил гэхэд өнгөрсөн 2020 оны УИХ-ын ээжит бус чуулганаар төсвийн тодотгол түүхэн рекорд тогтоосон буюу хасах 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн тодотгол баталчихлаа. Дээр нь 2021 оны төсөв бол яг 2020 оны төсвийг хуулаад тавьчихсан юм шиг 11.8 их наяд төгрөгийн орлогтой, 13.9 их наяд төгрөгийн зарлагатай буюу 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. 2020, 2021 оны төсвийн нийт алдагдал долоон их наяд хүрсэн.

Өнгөрсөн гурван жилийн төсвийн алдагдлыг нэмбэл 14-15 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталлаа. Энэ алдагдал эргээд ард түмний нуруун дээр өр болж ирдэг. Монгол хүний  нуруун дээр байгаа өр бараг нэг дахин нэмэгдэж байна.

Төсвийн алдагдал ихэсч, төсөв тэлдэг юм байж. Гэхдээ гол нь орлого олох тал дээр зөв хуваарилж байсан бол хамаа алга. Гэтэл өнөөдрийн бүх төсөв орлого олох, баялаг бүтээх биш, дан урсгал зардал, ашиггүй хөрөнгө оруулалтад хуваарилж ирлээ. Өөрөөр хэлбэл, ард иргэдийнхээ ажилтай орлоготой байлгахад анхаарахгүй, орхигдуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Халамж хавтгайрч байна гэдэг шүүмжлэл гарч байгаа. Үүнтэй та санал нийлэх үү?

Халамжийн бодлого бүхэлдээ алдагдсан нь үнэн. Халамж зайлшгүй шаардлагатай иргэд байгаа. Энэ хүмүүст өгч байгаа халамжийг шүүмжлээгүй. Сүүлийн 2020, 2021 оны төсөв дээр байгаа халамж бол бүгд ковид гэдэг халхавчны малгайтай. Хүмүүс ярьж байна. Булган шубатай, “Ланд-200” маркийн машин унасан хүн ирээд хүнсний талон авч байна, нэг аймгийн Засаг дарга нь хүртэл эрүүл саруул явж байж, группийн мөнгө авдаг нь илэрсэн, бүхэл бүтэн аймгийн иргэдийн тал нь группт байдаг гээд энэ бүх зүйл ил боллоо.

Халамжийг хавтгайруулж олгож байгаа нь цаанаа маш буруу тогтолцоог бий болгож байна. Зүгээр сууж байгаад мөнгө авдаг иргэд олон болсноор өнөөдөр Монголд ажил хийх хүн олдохгүй байна гэж ярьж байна. Хөдөө орон нутагт, малчид, газар тариалангийн салбарт ажил хийх хүн хайгаад олдохгүй байна. Хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож, зориудаар залхуу байдалд сургаж, ард түмнийг ядуу болгох сонирхол байна шүү дээ.

Яг халамж хэрэгтэй хүмүүст нь өгөөд төр нь хяналтаа сайн тавих ёстой. Бусад шаардлагагүй халамжуудад зориулж байгаа мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулах ёстой. Монгол малчдын бэлтгэсэн нийт түүхий эдийн 60 хувийг боловсруулах үйлдвэрийн цогцолборыг хувийн хэвшлийнхэн санаачлаад хийгээд эхэлсэн. Энэ үйлдвэрийн үйл ажиллагаатай УИХ-ын олон гишүүд, төрийн гурван өндөрлөгийн хоёр нь очиж танилцсан. Гэтэл энэ ажилд 2021 оны төсөвт нэг ч төгрөг тавигдаагүй. Баялаг бүтээхэд улс орны бодлого явахгүй байгаагийн нэг жишээ энэ шүү дээ.

Халамжийн төсөв бол ерөөсөө л сонгуульд зориулсан төсөв байж ирлээ. Эрх барьж байгаа Ардын нам ялалт байгуулахын тулд их хэмжээний мөнгийг иргэдэд ковидоор халхавчлан тарааж, иргэдийн саналыг худалдаж авч байгаа үзэгдэл гэж харж байна. Энэ бол эрх баригчдын хийж байгаа маш том алдаатай бодлого.

АН-ын их хурал удахгүй болно. Дүрмэндээ шинэчлэл хийж батлах гэж байна. Яагаад дүрмээ шинэчлэх хэрэгтэй гэж үзсэн бэ?

АН-ын Х их хурал арваннэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор төлөвлөгдсөн байсан ч улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор намын их хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Уг нь бүх аймаг, нийслэл, сум дүүргээс 1206 төлөөлөл сонгогдон ирж хуралд оролцохоор төлөвлөгдөөд байсан. Их хурлын хэлэлцэх гол асуудал бол намынхаа үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах юм. Намын дүрэм бол Ардчилсан намын барьж явах хууль. Энэ хуулиндаа өөрчлөлт оруулах гэж байна.

АН хоёр ч УИХ-ын сонгуульд дараалан том ялагдал хүлээлээ. Орон нутгийн сонгуульд ч бас ялагдчихлаа. Бид нарын дүрэм болохгүй байна. Бид нар Монгол Улсад амьдарч байгаа монголчууд хэр нь Монгол биш заалтуудыг дүрмэндээ оруулчихаад байна.

Дээрээс нь энэ дүрэм маань ялуулдаг биш, ялагдуулдаг дүрэм байгаад байна гэж үзсэн учраас өөрчлөлт оруулах гэж байна. Нийт санал өгсөн гишүүдийн 88 хувь нь дүрмээ өөрчлөе гэдэг дээр нэгдсэн учраас дүрмэндээ ийнхүү гар хүрч байна. Дүрмэнд өөрчлөлт оруулж баталдаг бүрэн эрх нь Намын их хурлын төлөөлөгчдөд олгогддог.

Дүрмийн шинэчлэлийн гол өөрчлөлтүүд нь юу байх вэ?

Тодорхой цөөхөн хэдэн асуудлыг анхаарч авч үзэж байгаа. Намын даргыг хэрхэн сонгох вэ, намын дунд анхан шатны дарга, сонгуульт гишүүдийг хэрхэн сонгох вэ гэдэг дээр төвлөрч өөрчлөлт оруулж байна. Өөрөөр хэлбэл, сунгаанд хүмүүс нэрээ дэвшүүлж өрсөлдөөд, энэ өрсөлдөөнөөс нь бүх гишүүд сонгодог ийм дүрэмтэй явж ирсэн. Тэгвэл энэ дүрэм нь Монголд тохирохгүй байна гэж үзэн, өөрчлөхөөр ихэнх гишүүд санал нэгдээд байна. Америкийн Бүгд найрамдах намын дүрмүүдээс сунгааг авч хийсэн. Энэ нь манай намд таарахгүй байгаа юм. Учир нь бүх гишүүдээрээ  сонголтоо хийлгээд ирэхээр дэмжсэн, дэмжсэн хүмүүсээ дагаад хагарч, дотоод зөрчил их үүсдэг тал байдаг. Энэ бол манай намын ялагдлын үндэс суурь болоод байгаа хагарлын үндсийг тавьж байсан.

Одоо шинэчилсэн дүрмийн өөрчлөлтөөр шат шатны гишүүд нь шат шатныхаа дарга нарыг сонгоод явдаг ийм зарчим руу оръё оо гэж байна. Өөрөөр хэлбэл, одоо батлах дүрмийн үндсэн үүрэг нь хагаралдуулдаг биш, эвлүүлдэг, ялагдуулдаг биш ялуулдаг. Шийдвэрийг нэг дарга гаргадаггүй, хамтын удирдлагаар шийдвэрээ гаргаад, хамтаараа шийдвэрээ хэрэгжүүлж, хариуцлагаа мөн хамтаараа хүлээдэг ийм зарчмыг баримталж байгаа гэж ойлгоход болно.

Ардчилсан намын шинэ дарга хэн болох вэ гэдэг дээр хүмүүс байр сууриа илэрхийлээд эхэллээ. Нэр дэвшигчдийн тухайд байх сууриа илэрхийлэх боломжтой юу?

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа намын дүрмээр Ардчилсан намын дарга автоматаар огцорсон. Их хурал хуралдаж дараагийн намын дарга сонгогдох  хүртэл миний бие үүрэг гүйцэтгээд явж байна. Тэгэхээр энэ хугацаанд намын хурал болж, намын даргын сонгуульт гишүүдийн сунгааг явуулъя гэсэн нэг хэсэг хүмүүс байсан. Энэ асуудлыг намын Үндэсний бодлогын хуралдаанд оруулаад ер нь орон нутгийн сонгууль болох гэж байгаа учраас энэ сонгуульдаа хүчээ дайчилж оролцъё, сонгуулийн дараа уужуу тайван даргынхаа асуудлыг хэлэлцье гээд даргаа сонгох асуудлыг хойш нь тавьсан. Одоо намын даргын сонгуульд өрсөлдөхөө илэрхийлж хэдэн хүмүүс материалаа өгсөн. Энэ хүмүүс бүгдээрээ нэр дэвшигчид гэж ойлгож болохгүй. Өрсөлдөх саналаа илэрхийлж, дотоод сонгуулийн хороонд материалаа өгсөн ийм хүмүүс. Энэ хүмүүс нэр дэвшигч мөн үү, биш үү гэдэг тодорхой шалгуураар Дотоод сонгуулийн хороо авч үзээд нэр дэвшигчдээ зарладаг. Одоо бол төсөл нь ажлын хэсэг дээр гараад танилцуулагдаад явж байна.  Дүрэм яаж батлагдахаас шалтгаална. Дүрмээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлээд шинэ дүрмээрээ дарга удирдлагуудаа сонгох ажиллагаа явагдана. Бүх юм шинээр эхэлнэ гэж ойлгож болно.

АН-ын шинэ дарга болох хүнд ямар шалгуур тавьж байгаа вэ? Өнгөрсөн хугацаанд АН лидергүй болсон нь ялагдлын гол шалтгаан боллоо гэж ярьж байгаа. Сайн дүрэм байлаа гээд сайн даргагүй бол урагшлахгүй гэдэг байр суурьтай гишүүд байгаа?

АН-д лидер дутаж байна гэдэг үнэн. Шалтгааныг нь хайхаар Ардчилсан намын лидерүүд залуу боловсон хүчнээ араасаа эмх цэгцтэйгээр, шат дараалан бэлдэж чадаагүй юм байна. Ардын намынхан зургаа, долоон үе солигдчихоод явж байхад манай нам байдгаараа байсаар. Залуучууд нь үнэмлэхүй бор зүрхээрээ үзэж байж цөөхөн хэд нь гарч ирдэг. Системтэйгээр нь шатлан ахих замаар дараагийн лидерүүдээ боловсруулж, сургаж, туршлагажуулж ирээгүй алдаа харагдаад байгаа. АН лидергүй болчихсон гэдэг яриа бол үүнтэй холбоотой.  Энэ нь нөгөө талаар АН өнөөдрийг хүртэл тогтсон дүрэм  журамтай институци болж чадаагүй юм байна гэдгийн том илэрхийлэл гэж харж байна.

Өнгөрсөн хугацаанд АН шинэчлэлтийн талаар нэлээд ярьсан. Гэхдээ сонгуульд ялагдал хүлээсэн учраас шинэчлэл үр дүнгүй байсан гэж үзэх үү?

АН шинэчлэл хийж чадсан бол сонгуульд ялагдахгүй байсан. Улс төрийн ямар намын хэр амжилттай зөв бодлого явуулж байгаа нь сонгуулийн үр дүнгээр тодорхойлогддог. Тэгэхээр сонгуульд дараалан ялагдсан учраас үр дүн төдийлөн сайн байсангүй. Тиймээс манай намын үйл ажиллагаа цаашид эрс өөрчлөлтийн зарчмаар ажиллах ёстой гэж харж байна. Дээрээс нь ямар ч сайн дүрэм байлаа гээд түүнийг хэрэгжүүлж байгаа дарга удирдлагууд нь зөв хүн биш бол алтан дүрэм байгаад ч нэмэргүй. Тийм учраас түрүүн миний хэлсэн хамтын удирдлага буюу хамтаараа асуудлаа ярьж шийддэг болоод, дээр нь зөв даргатай байхыг хүсэж байна. Тэр зөв дарга нь ганцаараа шийдвэр гаргадаг бус, хамтаараа шийдвэрээ гаргадаг. Ийм болсон үед ахиц дэвшил гарна гэж харж байна.

Гэхдээ орон нутгийн сонгуульд АН сайн байлаа. АН орон нутгийн сонгуульд найман аймагт ялалт байгуулсан нь чамлахааргүй амжилт гэж харж байгаа хүмүүс байна?

Өнгөрсөн орон нутгийн сонгуульд аймаг, дүүрэг дээр “эв нэгдэл” гэдэг зарчмыг баримтлан ямар нэг хагарсан, бутарсан, бие биетэйгээ жийлцсэн, бие биенээ татаж унагадаг биш, бие биенийхээ эсрэг ажиллахгүйгээр нэгдэн эв нэгдлээр сонгуульдаа оролцлоо. Бусад нам эвслүүдийг ч ийм байдлаар сонгуульд нэгдэг, татаж оролцууллаа. Үүний үр дүн тодорхой хэмжээнд гарсан гэж харж байна. Дээрээс нь АН-ын ялагдал уналт бол энэ хүрээд зогссон байгаасай гэж бодож байна. Ард түмэн  маань биднийг зөв бодлого бариад, эвтэй найртай зөв байвал дэмжих юм байна. Ард түмний дунд биднийг дэмжих масс байгаа гэдэг нь орон нутгийн сонгуулийн дүнгээс харагдсан. Тиймээс АН ирээдүйгээ өөдрөгөөр харж байна.

АН-аас гарсан Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Болд нар буцаад намдаа орох саналаа илэрхийлж байгаа харагдсан?

АН “эв нэгдэл” гэдэг зарчмаар ажиллана гэдэг бол хамт олон бүрдүүлэх, хамтрах гэсэн утгатай агаар нэг юм. АН өнгөрсөн  хугацаанд маш олон гишүүнээ дотоод хагарал, тэмцэл, зарим нэг хүмүүсийн үзэл бодлын зөрүү, буруу хандлагаар хөөж явуулсан асуудал үүссэн. Үүнээс болж АН бүлэггүй ч байж үзлээ, дотроосоо намууд  ч төрж үзлээ. Тэд нар нь эргээд хоорондоо өрсөлдөж, саналаа хуваагаад ялагдаж үзлээ.

Одоо бол бид нар тараан бутаргадаг биш, эвлүүлж нэгтгэдэг ийм зарчим дээр эв нэгдлээ бариад жинхэнэ Ардчиллынхны ярьдаг олонхынхоо шийдвэрийг дагаж, цөөнхдөө маш хүндэтгэлтэй хандаж, тэдний үгийг сонсдог зарчмаар ажиллахаар бодлогоо тодорхойлоод явж байна.

АН-ын шинэ даргад та нэр дэвшиж байгаа юу?

Миний хувьд өнгөрсөн намын удирдлагуудтай хамтаар энэ намын ялагдлын бас нэг оролцогч нь гэж харна. Тиймээс дараагийн намын даргыг сонгогдох хүртэл энэ том намын үйл ажиллагааг авч явах үүрэг ноогдсон. Сонгуульд ялагдсан тохиолдолд нам удирдаж орсон удирдлагууд дараагийн даргад өрсөлдөхгүй. Дараагийн даргыг сонгох ажил намын шинэчилсэн дүрмээр шийдэгдээд явна.

Сэтгүүлч: Х.Цэнд-Аюуш