С.Эрдэнэ: Ардчилсан нам олонхи болбол хамгийн түрүүнд хамтын тэтгэврийн тухай хуулиа батлуулна
УИХ-ын 26 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн уулзалт үргэлжилж байна. “Өсөлтийг өрх бүрд хүргэх” зорилт тээж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа нэр дэвшигчид Баянгол дүүргийн иргэд, сонгогчдын санал бодлыг нь сонсч, ярилцсан юм. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа уулзалтын эхэнд өнгөрсөн хугацаанд нийт 1200 удаагийн уулзалт зохион байгуулж, иргэдээ сонсч, багаараа олон ажлын ард гарснаа онцолсон юм.
Харин Ардчилсан намын дарга, нэр дэвшигч С.Эрдэнэ өнгөрсөн хугацаанд нийт 71 хуулийн төсөл санаачилж 41 нь батлагджээ. Тэрбээр “УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа тооны араас хөөцөлдсөнгүй. Харин хүний амьдралд хэрэгтэй хууль санаачлахыг хичээн ажиллаж ирлээ. Миний санаачилж, хэрэгжүүлсэн хуулиуд олон хүний амьдралд бодит үр өгөөжөө өгсөн гэж боддог. Ганцхан жишээ дурдахад Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хууль батлагдсанаар Монгол Улсын хэмжээнд 740 мянган хүн энэ хуулийн үр шимийг үзсэн.
Цаашид бид иргэн рүүгээ чиглэсэн хуулиудыг баталж, хэрэгжүүлэх болно. Хэрэв Ардчилсан нам олонх болдог юм бол хамгийн түрүүнд Хамтын тэтгэврийн хуулиа сэргээн батлуулна. Өнгөрсөн 4 жилд 10 гаруй хуулийн төсөл санаачилсан боловч харамсалтай нь нэгийг ч баталсангүй. Хэт олонхиороо түрий барьсан, улстөржсөн дөрвөн жил өнгөрлөө. 2007 оноос хойш Баянгол дүүрэгт 10 гаруй томоохон хөтөлбөр, төслийг ажил хэрэг болгосон.
2015 оноос хойш дүүргийн хэмжээнд гурван том хөтөлбөр хэрэгжүүлсэн. Дүүргийнхээ хэмжээнд эрүүл мэндийн тусламж; үйлчилгээ; хүртээмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Гуравхан жилийн өмнө хүүхдээ өвдөхөөр өөр дүүрэг рүү эмнэлэг хайж гүйдэг байсан бол өнөөдөр Баянгол дүүрэг хүүхдийн 1, 2 дугаар эмнэлэгтэй болсон. Том, жижиг нийлсэн 14 эмнэлэг барьж, байгуулсан. Цаашид Баянгол дүүргийн хэмжээнд байгаа 8 гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгох том төслийг хэрэгжүүлнэ.
Гэр хорооллын асуудлыг шийдсэнээр орон сууцанд амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж давхар шийдэгдэнэ. Өрх толгойлсон эцэг, эх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлэг рүү чиглэсэн "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Баянгол дүүрэгт таваас доошгүй жил амьдарсан иргэд “Түрээсийн орон сууц”-нд хамрагдах зохицуулалт хийсэн зэрэг бидэнд хийсэн ажил их бий. Цаашид 5-6 томоохон хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлнэ” гэлээ.
Ардчилсан намаас санал болгож буй таван тулгуурт Өсөлтийг дэмжсэн хөгжлийн бодлогыг дэмжихээ Баянгол дүүргийн иргэд хэллээ.