Ц.Туваан: Хөл хорионы дэглэмтэй байгаа учраас АН-ын даргын сунгааг ирэх сарын нэгэн хүртэл хойшлууллаа
2020.07.29

Ц.Туваан: Хөл хорионы дэглэмтэй байгаа учраас АН-ын даргын сунгааг ирэх сарын нэгэн хүртэл хойшлууллаа

Сурвалжилсан: Сэтгүүлч Б.Амартүвшин 

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн баасан гаригт хуралдлаа. Уг хуралдаанаар Ардчилсан намын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Тувааныг дэмжсэн юм. Энэ талаар түүнээс цөөн асуултад хариулт авлаа.


-Үндэсний бодлогын хорооны хуралдаан юу болов?

Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд заалт байдаг. Тодруулбал “УИХ-ын сонгуулийн үр дүнгээр намын удирдлагад хариуцлага тооцох” гэх заалт бий. Энэ заалтын хүрээнд УИХ-ын сонгууль явагдсанаас 30 хоногийн дотор намын үндэсний бодлогын хороо хуралдаж, намын удирдлага огцорсныг мэдээлдэг журмын заалттай. Энэ хүрээнд өнөөдрийн хуралд явагдаж, үндсэн дүрмийн хорооны огцорсныг албажуулсан шийдвэр танилцууллаа. Мөн намын дүрмэн дотор намын дарга хариуцлага хүлээсэн тохиолдолд дараагийн намын дарга сонгогдох хүртэл аль нэг даргад эрх шилждэг ийм заалт байгаа. Энэ заалтын хүрээнд өмнө нь намын дарга С.Эрдэнэ Ц.Тувааныг үүрэг гүйцэтгүүлье гэж, тамгаа шилжүүлсэн. Энэ шийдвэрийг Үндэсний бодлогын хороо баталгаажуулж, батламжилсан. Ийм хоёр асуудал хэлэлцлээ.

-Ирц дээр асуудал үүсчээ. 200 гаруй Үндэсний бодлогын хорооны гишүүд оролцохоос 116 нь оролцсон гэж байна. Өөрөөр хэлбэл, ирц хүрэхгүй, дүрмийн бус хурлаар таныг батламжиллаа гэж байна?

-Энэ асуудлыг манай Үндэсний бодлогын хорооны гишүүд тавьсан. Бид нар өнөөдрийг өнгөрчихвөл 30 хоногийн дотор хуралдах ёстой гэсэн заалтыг зөрчинө. Уг заатыг зөрччихвөл энэнээс хойш явах бүх үйл ажиллагаа дүрмийн бус болох гээд байгаа учраас дүрмийн бус хурлыг зарлаж хийсэн. Манай тодорхой үндэсний бодлогын хорооны гишүүд санал тавьсан. Энэ саналыг нь хүлээж аваад хэлэлцэх асуудлаас намын Их хурлын тов, хэлэлцэх асуудал, зарлах асуудлыг хассан. Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийн дагуу бид Хөл хорионы дэглэм барьж байгаа шүү дээ. Тэгэхээр наймдугаар сарын 1 өнгөрөөд энэ дэглэм цуцлагдах байх. Тэгвэл нүүр нүүрээ харалцаад бүгдээрээ танхимд хуралдъя гэдэг тохиролцоонд хүрээд хэлэлцэх асуудлаас энэ асуудлаа хассан.

-Хөл хорио цааш сунгагдвал яах вэ?

-Дэглэм сунгагдсан ч амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа барьж хуралдаад энэ асуудлыг шийдэж, дараагийн асуудалд оръё гэдэг зөвшилцлийн үүднээс хурлын дарга наймдугаар сарын 5-ны дотор дараагийн хурал танхимд нүүр нүүрээ харалцаж, хэлэлцэхээр ийм шийдвэр гарсан.

-Тэр хүртэл та намыг даргалаад явах уу?

-Нам гэдэг тамгатай. Тамгыг амь биегүй зөвлөл дардаггүй. Тамгыг нэг хүн хадгалж байж, яаралтай дүрмийн дагуу шийдвэрүүдийг албажуулж явах ёстой. Энэ үүргийг нь л би гүйцэлдүүлж байна.

-Ардчилсан намын даргын сунгаанд 10 гаруй хүн бүртгүүлээд байна. Энэ сунгаа зогсчихов уу?

-Сунгааны талаар намын гишүүдээс миний нэр дээр өргөдөл ирсэн. Энэ өргөдөлд Орон нутгийн сонгууль болох гэж байгаа энэ хугацаанд намын даргын сунгаа зарлаж, явуулах нь зохимжгүй. Энэ асуудлыг шийдэж өгөөч ээ гэдэг хоёр гишүүний өргөдөл ирсэн. Энэ өргөдлийн хүрээнд энэхүү саналыг хүлээж аваад Үндсэн дүрмийн хороо руугаа “Ийм өргөдөл ирсэн, энэ асуудлыг шийдэж өгөөч ээ” гэх албан бичиг явуулсан. Үүнийг Үндсэн дүрмийн хороо хүлээж аваад, маргаан үүсгэж, энэ асуудлыг хэлэлцье гээд явсан. Энэ үед наадам, наадмын амралт таарсан учраас маргаанаа үндсэн дүрмийн хороо удахгүй, хуралдаж, шийдэх байх.

Би энэ бичгээрээ дотоод сонгуулийн хороо бол намын даргын сунгааг товлон зарлах эрхгүй гэдэг агуулгатай бичгийг явуулсан. Дээр нь Хөл хорионы дэглэмтэй байгаа учраас наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулах талаар явуулсан. Ийм бичгүүдийг дотоод сонгуулийн хороонд өгсний үндсэн дээр дотоод сонгуулийн хороо маань хуралдаж, одоогоор наймдугаар сарын 1 хүртэл намын даргын сунгааны асуудлыг хойшлуулсан. Тэгэхээр ирэх сарын 1-ний үед дэглэм яахнав, үндсэн дүрмийн хорооны шийдвэр яаж гарах вэ гэдгээс үндэслээд намын даргын сунгаа шийдвэрлэгдэх юм.

АН ялагдалдаа хариуцлагатай хандаж, намын дараагийн шинэчлэлийг зөв хийх ёстой. Ялагдал дээрээ дүгнэлт хийнэ. Манайд намаа авч явах залуучууд байгаа. Хамгийн гол нь хэн нь зөв хүн бэ гэдэгт асуудал байна.

-Бүлгийн даргын томилгоонд Ерөнхийлөгч нөлөөлсөн үү. Ерөнхийлөгч хүнээ томилуулсан гэж харагдаад байгаа шүү дээ?

-Ерөнхийлөгчийн нөлөө байхгүй. Ардчилсан зарчмаар хүмүүс өөрөө өөрийгөө нэр дэвшүүлээд нууцаар санал хурааж шийдсэн. Тэгэхээр ямар нэгэн нөлөөлөл байхгүй. АН хоёр дахь дөрвөн жилдээ сөрөг хүчин болж ажиллах нь. Энэ бол ард түмний сонголт гэлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ц.Тувааныг батламжлахгүй бол намын Их хурлыг зохион байгуулж болохгүй болчих нь шүү дээ. Тэр утгаараа өнөөдрийн хурал намын даргын үүрэг гүйцэтгэгчдийг сонгож, хурал зохион байгуулах ажлыг нь хэвээр үлдээж байгаа. Түүнээс биш энэ хүн намын даргын албан тушаалыг цааш хашаад явах тухай асуудал огтхон ч биш юм. Ц.Туваан албан ёсны дарга болох эсэх дүрэмд заасан заалтаар тодорхойлогдоно. Түүнийг дараагийн хурлуудын бэлтгэл ажлуудыг зохион байгуулж, албан ёсны болгох гэдэг утгаараа энэ хурлаар батламжилж байна. Улс төрийн зөвлөл хуралдаад шийдвэр гаргах нэг өөр. Өдөр тутмын ажлыг нэг хүн хариуцаад явах нэг өөр” гэлээ.

Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хорооноос Үндэсний бодлогын хорооны дүрмийн бус хурлыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийв. Тэд “АН-ын даргын тамгыг хадгалж буй Ц.Туваан намын дүрмийг зөрчиж шийдвэр гаргаж байна” гэсэн юм.