АНУ-ын тагнуулынхан мэдээний эх сурвалжуудыг ашиглан ирээдүйг зөгнөнө
2011.08.30

АНУ-ын тагнуулынхан мэдээний эх сурвалжуудыг ашиглан ирээдүйг зөгнөнө

АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Жеймс Клапперийн удирдлаган дор судалгааны шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Тус хөтөлбөр нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, сүлжээ болон мэдээний сайтуудын мэдээлэлд ажиглалт хийн, дүгнэж, улмаар ирээдүйн талаарх таамаглал гаргаж байх аж. Тухайлбал хувьсгал дэгдэх, хүмүүнлэгийн ба эдийн засгийн хямрал үүсэх, өвчин тахал гарах гэх мэт.


”DARPA” буюу Батлан хамгаалах салбарын судалгааны шилдэг төслүүдийн агентлаг нь мэдээллийн өгөгдлийн урсгалыг ангилах, хамгийн чухал ач холбогдолтой хэсгүүдийг ялгах чадвартай нарийн, төвөгтэй программ хангамж болон бусад хэрэгслийн тусламжтайгаар судалгаа хийх санаачлагыг гаргасан аж. Тус агентлагийнхан “Хүн амын дунд үүссэн хүлээлт, иргэдийн үйлдэл, алхмыг өөрчлөхөд ашиглах аргуудыг олох, ирээдүйд гарч болзошгүй үйл явдлуудын эсрэг хариу арга хэмжээ авах, хүмүүсийн авир төрхийн өөрчлөлтийг тусгасан олон нийтэд хүртээмжтэй мэдээллүүдийг боловсруулах ёстой” хэмээн үзэж байна.


АНУ-ын Тагнуулын газар анх байгуулагдсан цагаасаа л нийтэд түгээдэг мэдээлэл, өгөгдлийг үйл ажиллагаандаа ашиглаж иржээ. Энэ нь хиймэл дагуулын болон радио техникийн тагнуул, мөн тухайн орон нутаг дахь тагнуулчдын ачаар олсон мэдээллийн нэмэлт эх сурвалж болдог юм байна.


Үндсэн мэдээлэл, өгөгдөлтэй ажиллахын оронд мэдээ, мэдээллийн урсгалыг хянаж, ажиглах нь тагнуулын албаны хувьд үнэхээр ер бусын алхам билээ. Учир нь иймэрхүү арга хэрэгслийг үйлдвэрлэлийн болон төрийн бус байгууллагууд л ашигладаг. Дэлхийн энхийн сан иймэрхүү үнэлгээ, боловсруулалтыг жил тутам гаргадаг нөхцөл байдал таагүй улс орнуудын индексийг гаргахдаа хэрэглэдэг. Тус индекс нь манай гарагийн улс орнуудын Засгийн газруудад үнэлгээ өгч, дотоодын зөрчил, гадаадын дарамт шахалтын улмаас сүйрэх магадлалыг тодорхойлдог билээ.

Ихэр цамхгийн сүйрлийг интернэт зөгнөжээ
 

Мэдээллийн хэрэгслүүдийг ирээдүйг зөгнөхөд ашиглах талаар АНУ-ын тагнуулынхан анх санаачилж байгаа юм биш. Веб-бот төсөл гэж сонссон уу?
Та бидний өдөр тутам ашигладаг интернэтийн сүлжээ ирээдүйг зөгнөдөг талаар сонсоод ихэнх хүн итгэхгүй байх. Гэтэл веб-бот төсөл нь нэг ёсондоо ирээдүйд болох үйл явдлуудыг урьдчилан таамагладаг гэнэ. Үүний тулд ердөө хайлтын систем, код байхад хангалттай. Ирээдүйн зарим явдлыг урьдчилан таамаглахын тулд өнөөгийн болон өнгөрсөн үеийн мэдээллүүд дээр үндэслэдэг ба сүлжээг бүхэлд нь сканирддаг гэнэ.


Веб-ботын ажиллах зарчим хялбархан. Та бид “google” яаж ажилладгийг мэднэ. Хайлтын энэ систем интернэт болон өгөгдлийн баазыг сканирддаг веб “аалз”-уудыг ашигладаг. Веб-ботын технологи үүнтэй төстэй, өдөр бүр интернэтийг сканирдаж, түлхүүр үгийг хайхад аалзуудын системийг ашигладаг байна. Энэ нь түлхүүр үгийг хайж олоод тухайн үгийн өмнөх ба дараагийн текстийг түүж авдаг. Дараа нь энэ тэмдэглэсэн текстээ төв сервер рүү илгээдэг. Энд тэдгээр мэдээллийн утга учрыг тодорхойлохын тулд шүүлтүүрт оруулах ба энд өөр нэг программын лавлахыг ашигладаг.


“Urban Survival Weekly”-ийн Жорж Юрийн веб-бот төсөл нь хэд хэдэн үйл явдлыг урьдчилан таамагласан.

Үүнд:

  • 9-р сарын 11-ний алан хядах ажиллагааг зөгнөсөн /биелсэн/
  • Белтуэйгээс ирсэн мэргэн буудагчийн талаарх таамаглал /биелсэн/
  • Сансрын Колумб хөлгийн сүйрэл /таамаглал биелээгүй/
  • Луизианад үер уснаас болоод 13 сая хүн гэрэл, цахилгаангүй болно /Рита хар шуурганы дүнд 1.3 сая хүн гэрэл, цахилгаангүй болсон/

Төслийн зорилго нь орчлон ертөнц ба түүний оршин суугчдын “хамт олонч, ухамсаргүй” байдлыг нэгтгэх, ойлгох явдал гэнэ. Зарим мэдээллээс үзэхэд веб-ботыг анх 1990-ээд онд хөрөнгийн зах зээлийн талаарх таамаглал хийх зорилгоор бүтээжээ. Харин тус ботыг удирдаж байсан залуу 2000 онд энэхүү бот нь зах зээлийн мэдээллийн талаарх таамаглалаас халин гарсныг анзаарчээ. Тэрбээр дараа нь өөр төрлийн мэдээллүүдийг цуглуулж, улмаар дэлхийн хэмжээний чухал үйл явдлуудын талаарх таамаглалыг дэвшүүлдэг болов.


2001 оны 7-р сард бот “Өнөөдрөөс эхлэн тоолоход 60-90 хоногийн дотор амьдралыг эрс өөрчлөх үйл явдал болно. Энэ үйл явдлын уршиг дагавар даян дэлхийд мэдрэгдэх болно” гэж зөгнөжээ. Гэтэл яг 60 өдрийн дараа ихэр цамхаг бөөн бетонон хог, овоо болж хувиран, дэлхийг донсолгосон билээ. Энд ямар ч ид шид, далдын хүч байхгүй. Энэ бол зөвхөн хиймэл оюун ухаан. Одоо тэр ирээдүйн бодит хэрэгсэл болжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.