90 жилийн ойн баярын хурал дээр МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг
МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ
2011.08.05

90 жилийн ойн баярын хурал дээр МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг

Эрхэм хүндэт, хатагтай, ноёд оо

Монгол Улсад Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг нийт холбоочид, мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн болон үйлчилгээний ажилтнууд, ахмадууд, хэрэглэгч олон түмэндээ Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын хамт олон болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж эрүүл энх, эрч хүч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Ардын хувьсгалын түүхтэй нас чацуу хөгжиж буй энэ салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад холбоочдын бүтээлч санаачлага, нөр их хөдөлмөрийн үр дүнд он жилийн онцлогт нийцүүлэн дэвшүүлсэн зорилго, зорилтууд амжилттай хэрэгжиж өдгөө энэ салбар дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн алхаж байгааг бахдан хэлэхэд таатай байна.
Түүхт ойн энэ жил та бүхэнд тус салбарын хөгжлийн зарим түүхээс өгүүлье. Орчин цагийн мэдээлэл холбооны эхлэлийг 1921 онд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г байгуулснаар тавьсан билээ.

1921-1948 онуудад шуудан тээврийг авто машинаар гүйцэтгэх болж, шуудангийн анхны маркийг гүйлгээнд гаргаж, анхны цахилгаан мэдээний шугамыг байгуулжээ. Улмаар 1933 оноос эхлэн анхны 100 номерийн багтаамжтай телефон станц түүнчлэн анхны радио өргөн нэвтрүүлгийн станцууд байгуулагдаж нэвтрүүлгээ цацаж байжээ. Мөн холбооны түр сургууль, холбооны техникум зэрэг байгуулагдсан байна.

1948-1957 онуудад бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбож Улаанбаатар хотын телефон станцыг 2000 дугаараар өргөтгөж, 1000 дугаарын анхны автомат телефон станцыг байгуулсан байна. Энэ үеэс аймгуудад агаараар шуудан хүргэх ажиллагаа эхэлсэн нь монголын хөдөө орон нутгийн иргэдэд шууданг хүргэхэд дэвшил авчирчээ.

“Монгол Улсын цахилгаан холбоо радио нэвтрүүлгийг 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схем”-ийг баталж улсын хэмжээний сүлжээ байгуулжээ. 1967 онд Улаанбаатар хотод телевизийн төвийг байгуулж, сансрын холбооны Орбит станцыг 1970 онд ашиглалтад оруулж улмаар сумын төвүүдэд телевизийн дахин дамжуулах станцуудыг суурилуулж, нэвтрүүлэг хүлээн авах сүлжээтэй болсон нь Монголын ард түмний мэдээлэл хүртэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал алхам болсон юм.

“Монгол Улсын харилцаа холбоог 1971-1990 онд хөгжүүлэх хөгжил байршлын ерөнхий схем”-ийг боловсруулж хэрэгжүүлснээр сумын төвүүдийг автомат телефон станцтай болгож, багтаамжийг өргөтгөн нэгдсэн сүлжээнд холбох зэргээр нэлээд далайцтай ажлууд хийгдсэн байна. 1991 оноос орон даяар үндэсний нэвтрүүлгийг сансрын хиймэл дагуулаар хүргэх орон даяар хүргэж эхэлсэн билээ.

1990-2000 онуудад Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн эхэн үе байсан бөгөөд манай салбар ч энэ шилжилтийг амжилттай эхэлсэн юм.

Хэдийгээр улс орны эдийн засаг сайнгүй үе байсан ч манай салбарынхан гадаадын хандивлагчид, банк, санхүүгийн байгууллагуудтай идэвхитэй хамтын ажиллагаа явуулсаны үр дүнд мэдээлэл, харилцаа холбооны салбарыг шинэ шатанд гаргах, хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн билээ. Тухайлбал 1993 онд “Цахилгаан холбоог 2010 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий схем” төслүүдийг АХБ-ны техникийн туслалцаатайгаар боловсруулж хэрэгжүүлснээр манай салбарын зах зээлийн хөгжлийн гараа эхэлсэн гэж болно.

Харилцаа холбооны салбарын эрх зүйн орчныг өөрчлөн шинэчлэх, тоон технологийг нэвтрүүлэх, сүлжээний багтаамж, хүчин чадлыг сайжруулах зорилгоор дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламжийн болон хөнгөлөлттэй зээлээр тодорхой төслүүдийг хэрэгжүүлснээр орчин үеийн тоон технологид суурилсан станцууд, кабелийн байгууламжууд, томоохон хотуудыг холбосон тоон Радио релейний шугам, нийтийн үйлчилгээний таксафон зэргийг барьж байгуулах, суурилуулах ажлуудыг гүйцэтгэжээ.

Энэ үед салбарын бүтцийн өөрчлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлснээр төрийн байгууллага болон аж ахуйн үйл ажиллагааг тусгаарлаж салбарын бодлогын асуудлыг Зам тээвэр, холбооны яаманд хариуцуулж, харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний ашиглалтыг хариуцуулах зорилгоор Монголын харилцаа холбоо компанийг 1992 онд байгуулан улмаар 1995 онд түүний хувьцааны 40 хувийг БНСУ-ын Кореа Телеком компанид худалдаж МЦХ ХК-ийг байгуулсан нь тус салбарт хийгдсэн анхны гадаадын хөрөнгө оруулалт байлаа.

“Монгол улсын цахилгаан холбооны салбарын шинэчлэл” төслийн хүрээнд Харилцаа холбооны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар 1995 онд батлуулсан юм. Энэхүү хуулийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд анхны зохицуулах зөвлөлийг Дэд бүтцийн хөгжлийн яамны дэргэд байгуулж, үүрэн телефоны анхны GSM лицензийг Мобиком корпорацид олгосон нь цаашид гадаад, дотоодын хувийн хэвшлийн томоохон хөрөнгө оруулалтыг тус салбарт оруулах эхлэлийг тавьсан билээ.

Шуудангийн салбарын бие даасан хөгжлийг хангах зорилгоор 1994 онд цахилгаан холбооноос шуудангийн салбарыг бүтцийн хувьд салган, Монгол шуудан компанийг байгуулсан нь шуудангийн хөгжилд ихээхэн түлхэц болж шуудангийн бие даасан сүлжээ бий болон хөгжиж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, тус салбарын үйлчилгээнд өрсөлдөөн оруулах бодлогын хүрээнд харилцаа холбооны үндсэн сүлжээг үйлчилгээнээс салган Төрийн өмчит МХС компанид хариуцуулан ажиллуулж байна.

2000 оноос хойш хөдөө орон нутагт мэдээлэл, харилцаа холбооны шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх техник технологийн суурь дэд бүтэц болох шилэн кабелийн сүлжээг төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулсны үр дүнд хот хоорондын шилэн кабелийн дамжуулах сүлжээний нийт урт 13 мянга гаруй км шилэн кабелийн сүлжээтэй болоод байна. Хэдийгээр бидэнд дээр дурдсан ололт амжилтууд чамгүй байгаа ч цаашид шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд шил шилээ даран биднийг хүлээж байгааг ч бас хэлэх шаардлагатай болов уу.

Мэдээлэлжсэн нийгмийг байгуулах, мэдлэгт суурилсан шинэ эдийн засгийн орчныг бүрдүүлэх зорилгоор “Цахим Монгол“ үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийгэм эдийн засгийн олон салбарыг хамарсан 20 гаруй төслийг хэрэгжүүлж байгаагаас 10-аад төсөл бүрэн хэрэгжсэн байна. Дээрх төслүүдээс харахад дэд бүтцийг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалтыг хийжээ. Түүнчлэн “Бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо” “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах”, “Телевиз радиог тоон технологид шилжүүлэх” зэрэг томоохон үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулж Монгол Улсын Засгийн газраар батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ онд Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн тоонд орсон “Монгол Улсын сансарын холбооны үндэсний хиймэл дагуул”, “Мэдээллийн технологийн сургалт үйлдвэрлэлийн хотхон” “Монголын Силикон валлий” төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулах ажлуудыг эхлүүллээ. “Өрх бүрт шуудан”, Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөрүүд, “Мэдээлэл харилцаа холбооны үндсэн сүлжээг өргөтгөн шинэчлэх” төслийг Засгийн газар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Эдгээр хөтөлбөр, төсөл хэрэгжсэнээр иргэд маань монгол нутгийн аль ч өнцгөөс мэдээлэл солилцох, нийгмийн олон төрлийн үйлчилгээг хүртэх боломж нэмэгдэж, хот хөдөөгийн тоон ялгааг буурах болно. Мөн гадаад улс оронтой бизнесээ хөгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх техник, технологийн өргөн боломжийг бий болгоно гэдэгт илтгэлтэй байна.

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нараа

Та бүхэнд салбарын өнөөгийн байдлын талаар зарим зүйлийг тоймлон хүргэе.

Тус салбарт 2011 оны байдлаар 400 гаруй аж ахуйн нэгж 650 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшиж, мэдээлэл харилцаа холбооны төрөл бүрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Хэдхэн жилийн өмнө нийт иргэдийг хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд хамруулах, цахим бичиг үсэгтэн болгох, бүх сум суурин газрыг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбох зэрэг томоохон зорилтууд нь мөрөөдөл төдий байсан бол өнөөдөр биелэлээ олж Монгол Улсын хувьд 14000 гаруй урт/км шилэн кабелийг 160 гаруй сум, сууринд хүргэж бүх сум суурин газрууд хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд хамрагдаж, 2010 оны эцсийн байдлаар 2.5 сая хүн гар утас хэрэглэж байна.

Өнгөрсөн онд болсон “Хүн ам, орон сууцны тооллого”-оор нийт Интернэт хэрэглэгчийн тоо 709 мянгад хүрсэн нь хөгжлийн төвшин ойролцоо орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Интернэтийн харилцан холболтын төвийг өргөтгөн сайжруулсны үр дүнд интернэтийн үйлчилгээ эрхлэгч бүр 10 гегабит хүртэлх урсгалыг дангаар авах техникийн боломж бүрдсэн бөгөөд интернэтийн гадаад гарцын урсгалын хэмжээ 20 гегабит орчим болж өссөн байна.
Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх дунд хугацааны зорилт, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийг улсын төсөв, Дэлхийн банк, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Салбарын нийт орлого 2010 оны эцсийн байдлаар 470,9 тэрбум төгрөгт хүрч, 2000 оноос 9,2 дахин өссөн дүнтэй байгаа ба улсын төсөвт өмнөх оноос 10.8 хувиар өссөн буюу 81,9 тэрбум төгрөгийн татварын орлого оруулж, 89,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Гадаад орчинд ч бид багагүй ахиц дэвшилтэй байгааг зарим эх сурвалжаас дурьдая. Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас 2010 онд гаргасан мэдээлэлд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 159 улс орноос Монгол Улс 95 дугаар байрт оржээ. Нэгдсэн Үндэстний байгууллагаас 2010 онд гаргасан Цахим засаглалын судалгаагаар 53 дугаар байрт орж, онлайн үйлчилгээний хөгжлийн үзүүлэлтээр шилдэг 20 улс орнуудын нэгээр шалгарсан нь бидний ажлын үр дүнгийн илэрхийлэл мөн.

Дэлхийн тэргүүлэх улс орнууд, томоохон компани, корпорациудын орчин үеийн хөгжлийн хурд, техник технологийн цоо шинэ шийдлүүд, огцом өөрчлөлтүүдийг манай салбар хамгийн түрүүнд мэдэрч мэдээлэл, харилцаа холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг нэвтрүүлж хүн арддаа үйлчлэхэд манай хувийн хэвшлийнхний гүйцэтгэж буй үүрэг ихээхэн чухал билээ.

Хувь хүн өөрийн бүтээсэн зүйлс, түүний дотор МХХТ-ийн контент, технологийн шийдэл, тулгарч буй асуудал зэргээ интернэт болон виртуаль ертөнцөөр дамжуулан бусадтай хуваалцах, сурталчлах, хамтрагч буюу хөрөнгө оруулагч олох гэх мэт олон үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хийх боломжтой болсноор “Шинэ үеийн харилцаа холбооны үйлчилгээ”-ний хөгжлийн бодлогод асар их нөлөө үзүүлж байна.

Өнөөдөр Монгол Улсын бүх аймаг, сумдыг холбосон өргөн зурвасын шилэн кабелийн сүлжээнд суурилсан боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ, банк, харилцаа холбоо, мэдээллийн технологи, тоон телевиз, радиогийн шинэ шинэ боломжуудыг бий болгох, хөдөөгийн холбоо, мэдээллийн технологийг хөгжүүлэх чиглэлээр төрөл бүрийн технологи дээр суурилсан аливаа санал санаачилгыг бид дэмжин ажиллах бодлого баримталж байна.

Манай мянга мянган холбоочид, шууданчид, мэдээллийн технологийн ажилтнууд, радио телевизийн сүлжээний инженер техникчдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бид дэлхий нийттэй технологийн хувьд ч үйлчилгээний хувьд ч мөр зэрэгцэн явж байна.

Олон сайхан амжилтууд байгаа хэдий зарим зүйлүүдэд анхаарал хандуулах шаардлага байна. Тухайлбал монгол улсад программ хангамжын зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх захиалагч гүйцэтгэгчийн итгэлцлийг бий болгох, ажлын даалгаварыг чансаатай гүйцэтгэхэд төр хувийн хэвшил холбогдох салбаруудтай нягт хамтран ажиллах нь зүйтэй байна.

Эрхэм хүндэт хатагтай, ноёдоо

Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд олон арга хэмжээг та бүхэнтэй хамт амжилттай зохион байгуулж байгааг энд дуулгахад таатай байна.

Энэ оны 5 дугаар сард Мэдээлэл, харилцаа холбооны улсын зөвлөгөөнийг зохион байгуулан 2021 он хүртэл тус салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, дэлхийн нийтийн хөгжилтэй мөр зэрэгцэн илүү үр бүтээлтэй хөгжүүлэх талаар ярилцсан билээ. Та бүхнээс гаргасан үнэтэй санал, зөвлөмжийг тусган уг баримт бичгийг Улсын их хурлаар батлуулахаар ажиллаж байна. Уг зөвлөгөөнийг бид 44 жилийн дараа зохион байгуулснаараа мөн онцлог болж байгаа билээ.

Олон Улсын цахилгаан холбооны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, Ази номхон далайн нийгэм эдийн засгийн комисс, Австралийн Засгийн газартай хамтран “Ази, номхон далайн бүс нутгийн онцгой байдлын үеийн харилцаа холбооны форум”-ыг, Ази номхон далайн бүсийн шуудан холбооны байгууллагатай хамтран “Бүсийн шуудан холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал”-ыг тус тус зохион байгууллаа.

Энэхүү чуулганы гол зорилго дэлхий нийтэд Монгол Улсын мэдээлэл холбооны салбарын хөгжлийг таниулах үр ашигтай хамтран ажиллах боломж бололцоог нээх төдийгүй ойрын ирээдүйд монголын мэргэжилтэнүүдийг олон улсын байгууллагад ажиллуулах боломж бүрдүүлэхэд шхээхэн тус дөхөм болно гэж үзэж байна.

Мөн салбарын хамт олны дунд спорт, урлагийн нэгдсэн наадмыг энэ оны 6-р сард амжилттай зохион байгуулж, өнөөдрийн энэхүү 90 жилийн ойн баярын хурлын үеэр нэгдсэн дүнгээ танилцуулж, салбарын шилдэг байгууллагыг тодруулж шагнал гардуулах гэж байна.

Манай салбарын ажилтан, ажиллагсад, хамт олон ололт амжилтаа улам бататгаж, тавьсан зорилт, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж хэрэглэгч олны өмнө хүлээсэн хариуцлагатай, хүндтэй үүргээ амжилттай биелүүлж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэнд салбарын баярын өдрийн хамгийн халуун мэндийг дахин дахин хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эцэст нь:
Сайн Бодлого, Сайн Дэд бүтэц, Сайн Технологи, Сайн Үйлдвэрлэл, Сайн шийдэл, Сайн агуулга, Сайн үйлчилгээ, Сайн хэрэглэгч, Сайн Засаг гэсэн 9 сайныг дэлгэрүүлэхийн төлөө Та бүхнийг хамтдаа ажиллахыг уриалж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.