АН: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох хууль өргөн барина
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус намын бүлэг тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг санаачлан, өргөн барьж байгаагаа мэдэгдлээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэхдээ “ 270 мянган хүнийг хамарсан ач холбогдолтой хууль болох “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг АН-ын бүлэг өргөн барина. Энэ төслийг манай бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн.
УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:
Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх хуулийн төслийг АН-ын бүлэг санаачлан өргөн барих гэж байна. Өнөөдөр ахмадууд 500 мянгаас доог төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь тэдний амьжиргаанд хүрэлцдэггүй. ҮСХ-ноос гаргасан статистикаар өрхийн дундаж зардал 1.1 сая төгрөг болсон.
Гэтэл хоёр ахмадын тэтгэвэр ч нийлээд амьжиргааныхаа гуравны нэгийг бүрдүүлж чадахгүй байгаа. Өнөөдөр 441 мянган ахмад тэтгэвэр авч байгаагаас тэдний 300 мянга орчим нь 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Энэ нь ахмадуудыг ядрууралд хүргэж буй гол шалтгаан. Тэдэнд хувийн өмч, хадгаламж байхгүйгээс ядууралд өртсөн. Хуулийн төсөл үндсэн долоон хэсгээс бүрдэнэ.
Хуулийн төсөл батлагдснаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байхаар ашиглах тухай заасан Үндсэн хуулийн 6.2 дахь хэсгийн шаардлага биелэх ахмад настнууд байгалийн баялгийн үр өгөөжөөс хүртэж амьдралын наад захын хэрэгцээгээ хангахуйц тэтгэврийн орлоготой болох нөхцөл бүрдэнэ.
АН-ын хувьд хавтгайрсан халамжийг дэмждэггүй ч халамжлах ёстой хүмүүсээ халамжлах ёстой. УИХ-ын 24 дүгээр тогтоолоор зургаан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг маш яаралтай эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь хүртээх шийдвэр гарсан. Иймд Цагаан суваргын ордоос ахмадын тэтгэврийн нэмэгдлийн санхүүжилтийг гаргана” гэлээ.
УИХ-ын гишүүн С.ПҮРЭВДОРЖ:
Цагаан суваргын ордыг УИХ-аас төр эзэмших шаардлагагүй гэж татгалзсан байдаг. Монголын төр Цагаан суваргын ордыг үнэтэй болгох зүйлийг хийсэн. Тэр нь төмөр замыг хажуугаар нь барьсан. Тиймээс энэ ордын үнэ цэнэ дахин 60 хувиар өссөн.
Төр энэ том бүтээн байгуулалтыг хийснийхээ хувьд Цагаан суваргын тодорхой хувийг эзэмших саналыг тухайн компанитайгаа ярьж, шийдвэрлэх хэрэгтэй. Энэ ордыг эзэмшиж байгаа компани зургаан жилийн хугацаанд ажил хийгээгүй байна. Тиймээс төр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хамтран хийж эргэлтэд оруулъя. Эргэлтэд оруулсан хувиасаа тодорхой хэмжээний хөрөнгийг ахмадууддаа зарцуулах нь зөв" гэсэн юм.