2020.10.23

Б.Саранчимэг: Нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаарай

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд ирүүлжээ. Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Хориндолоо дугаар зүйлийн 27.6, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг тус тус баримтлан хэлэлцжээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд УИХ-ын чуулганы баасан гарагийн /2020.10.23/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг саналаа хэллээ.

"Д.Сумъяабазар гишүүндээ Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдож байгаад баяр хүргэн, амжилт хүсье. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа хотыг эрүүл, аюулгүй, сайн сайхан орчныг бүрдүүлэх маш том хариуцлага таныг хүлээж байна. Таныг НИТХ, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүртэлээ ажиллаж үзсэн арвин их туршлагатай учраас Нийслэл хот хөгжүүлж чадна гэж найдаж байна. 

Ялангуяа гэр хороолол ихтэй захын хороодод эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэж ажиллаарай. Мөн хог, хөрс, агаар, усны бохирдолд хамгийн их анхаарал хандуулаарай. Мөн нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуульд анхаарал хандуулж, эрх зүйн орчин, чадамжийг сайн бүрдүүлж, хуулийг дахин оруулж ирээрэй. Танд амжилт хүсье."