С.Одонтуяа: Хэн сонгогдох нь чухал биш сонгууль шударга болох ёстой
2020.10.08

С.Одонтуяа: Хэн сонгогдох нь чухал биш сонгууль шударга болох ёстой

“Сонгууль хуулийн дагуу явагдаж үр дүнг нийтээрээ хүлээн зөвшөөрөх нь ардчиллын том шалгуур юм” гэж Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар СЕХ-ны удирдлагуудтай уулзах үеэрээ онцоллоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа сонгуулийн санал хураалтын үед сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ заавал хийдэг байх, хурууны хээ таниагүй тохиолдолд иргэний үнэмлэхээр санал авч байгааг өөрчилж нүүрийг нь таниулдаг болох талаар ярилцлаа. Учир нь өнгөрсөн УИХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр дээрх зөрчил олон гарсан бөгөөд энэ нь нэг хүн олон газар санал өгөх, улмаар сонгуулийн дүн шударга бус болоход нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.

Тиймээс удахгүй болох орон нутгийн сонгуулийн санал хураалтын үеэр дээрх асуудалд анхаарах, мөн зөрчил гарсан тохиолдолд ажиглагч нар нэрсийн жагсаалтыг тулгаж үзэх, зөрчлийг газар дээр нь тодруулах боломжийг олгож ажиллуулах зэрэг шаардлагыг СЕХ-нд хүргүүлж буйгаа мэдэгдсэн.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат дээрх асуудалд санал нэг байгаагаа илэрхийлж, энэ асуудал үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас Ерөнхийлөгч Х.Баттулгад мөн шаардлагыг хүргүүлсэн гэлээ. Тэрбээр цар тахлын үед эдийн засаг, иргэдийн амьжиргаа муу байгаа нөхцөлд орон нутгийн сонгуулийг хариуцлагатай зохион байгуулах нь чухал.

Гол үр дүн нь сонгууль хуулийн дагуу явагдсан байх хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулийн санал тоолох үеэр гарсан алдааг дахин давтахгүй байх талаар анхаарч ажиллахыг хүссэн. Мөн Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгээгүй нь сонгогчдын сонголт хийх эрхийг хязгаарласан хэрэг болж байгааг ч дуулгалаа.

Уулзалтад СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон хуулийн мэргэжилтнүүд оролцож УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаандаа анхаарч ажиллахаа илэрхийлэв.

СЕХ-ны удирдлагын зүгээс сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ хийхэд гарах зардал нь харьцангуй бага, өмнө сонгуульд хэрэгжүүлж хэвшсэн үр дүнтэй ажил тул цаашдын сонгуулийн үйл явцад ашиглах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.