
2020.10.07
Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замыг 2022 онд хатуу хучилттай болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10-р сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав.
Азийн хөгжлийн банкны зээлээр Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлд 189.7 км хатуу хучилттай автозам тавихаар төлөвлөж Ховд-Өлгий чиглэлийн 163.9 км-ыг нь 2019 онд ашиглалтад оруулсан. Үлдэх 25.8 км буюу Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замыг 2022 онд дуусгахаар ажиллаж байна.
Ингэснээр БНХАУ-тай хил залгаа Булган боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын боомт хүртэлх 746 км зам бүхэлдээ хатуу хучилттай болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.