Уруйн үерт автсан 51 өрх тус бүрд 3.5 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ
Засгийн газар 2020 оны 6 дугаар сарын 23-ны Мягмар гаригт ээлжит бусаар хуралдаж, хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 21 болон 22-ны өдрүүдэд Төв, Говьсүмбэр аймгуудад орсон хүчтэй аадар борооны улмаас учирсан хохирлын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.
Хохирсон айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх саналыг Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн дагуу өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж үерт нэрвэгдэж, орон гэргүй болсон 51 өрхөд таван ханатай иж бүрэн гэр олгох, шаардагдах нийт 178 сая 500 мянган төгрөгийн хөрөнгийг Бүгд Найрамдах Казакстан Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон Хүмүүнлэгийн тусламжийн зардлаас шийдвэрлэхээр болов.
Үерийн улмаас Төв аймгийн Зуунмод суманд 209 айлын гэр, орон сууцны 4 барилгын зоорийн давхар усанд автаж, 6 айлын гэр урсаж, 53 хашаа нурсан бол Алтанбулаг суманд 200 өрх айл усанд автаж 10 айлын гэр урсаж, 30 хашаа нурсан байна.
Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 3 айлын гэр үерт урсаж, 1000 орчим толгой мал хорогджээ.
Уруйн үерийн улмаас Төмөр зам болон авто зам, замын байгууламжид их хэмжээний хохирол учирсан. Онцгой байдлын байгууллага шуурхай ажлын хэсэг байгуулан үерийн нөхцөл байдал дээр газар дээр нь ажиллаж, хурдан хугацаанд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэний үр дүнд 23-ны өдрийн 17 цагийн төмөр зам болон авто замын зорчих хэсгийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Үерт өртсөн иргэд, айл өрхийг аврах, хор уршгийг арилгах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 81 алба хаагч, 20 нэгж техник, нутгийн захиргааны байгууллагын 32 хүн, 6 нэгж техник, нийт 113 хүн, 26 нэгж техниктэй ажиллаж 30 иргэний амь насыг авран, 57 автомашиныг уснаас татан гарган авсан байна.