Ерөнхий сайд орох, гарах урсгал хаасныг сунгах чиглэл өглөө
2020.02.26

Ерөнхий сайд орох, гарах урсгал хаасныг сунгах чиглэл өглөө

Засгийн газар коронавируст халдвар(COVID-19)-аас урьдчилан сэргийлэх цогц асуудлаар яг одоо хуралдаж байна. Орон нутгийн зам, Улаанбаатар хот руу орох, нийслэлээс гарах урсгалыг хязгаарласныг сунгах чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгчээ.

"Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэхүү хязгаарлалтыг гуравдугаар сарын 2 хүртэл сунгалаа" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн.

Тэрээр “Шинийн дөрөвнөөс ирэх долоо хоногийн даваа гариг хүртэл орон нутгийн зам, Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа” гэв.

Мөн Ерөнхий сайд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт үүрэг өгсөн байна.

Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгсөн бөгөөд авто замын хязгаарлалтыг сунгах дээрх саналыг Улсын Онцгой комисс хуралдаж үүнийг эцэслэн шийдвэрлэхээр болжээ.
Улсын Онцгой комисс өнөөдөр 13 цагаас хуралдах юм.