2020.05.04

Хөгжил рүү хөтлөгч

Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.

Өнөөдрийн онцолж буй түшээ бол Монгол Улсын Их Хурлын Гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ. 

“Хүн бүхэн ямар нэгэн агуу зүйлийг бүтээхээр энэ дэлхийд ирдэг. Чухамхүү алсын хараагаа олж авч чадсан эсэхээс амьдрал нь үнэ цэнээр хэмжигдэх эсэх нь шалтгаалдаг.” гэж тэрээр 2005 онд “АЛСЫН ХАРАА” номдоо бичсэн байдаг.

Эндээс Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ хэмээх зангарагтай, залуу төрийн түшээг төвөггүй ойлгож болох юм.МАН-ын залуучуудын байгууллагыг тэргүүлж байсан тэрбээр Харвардад суралцаж, магистрын зэрэг хамгаалсан. Магистрын дипломын ажил нь  “Азийн Хүлэг Улс” хэмээх нэртэйгээр хэвлэгдсэнийг та уншсан эсвэл дуулсан биз ээ. Энэхүү бүтээлдээ улс орны өнгөрсөн 25 жилийн дүгнэлт, өнөөдрийн нөхцөл байдал, ирэх 30 жилийн хөгжлийн төсөөллийг хөндсөн юм. 

Ер нь Харвардаас ирснээсээ хойш “хөндсөн юм” түүнд чамгүй бий. Хамгийн цуутай нь МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл, 60 тэрбумын хэрэг гээд хөвөрнө. Тэрбээр нийгэмд олон жил ужгирсан хууль бус үйлдлүүдийн бодит үнэнийг магадлах, олж тогтоох нь улс оронд шударга ёс, хэм хэмжээг дагаж мөрдөхөд чухал нөлөөтэй гэж үзэж буйгаа олон удаа илэрхийлсэн. Одоо ч үйлдлээрээ харуулахыг зорьж буй гэхэд болно.

Үүн дээр нэмээд “Эрдэнэт”, “Монголросцветмет” үйлдвэрийн 49, 51 хувьтай хамааралтай асуудал, “Стандарт” банкны зээл, “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт, Үнэ тогтворжуулах хѳтѳлбѳртэй хамаатай хэрэг, Банкуудын дампууралтай холбоотой хэрэг, Оюу толгой, Таван толгой, тѳмѳр замын үндэсний бүтээн байгуулалт, агаарын бохирдлыг бууруулах бодлого гэх мэт олон асуудлыг тэр богино хугацаанд нийгэмд дэлгэн тавьж, заримаас нь хариулт, хариуцлага шаардсаар байна.

Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн. Тиймээс өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой гэж үзэн Л.Оюун-Эрдэнэ өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилсон. “Төрийн өмчийг хувьчлах Засгийн газрын байр суурь хэвээрээ байгаа. Харин өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг давтах эрсдэл үүсэхээс болгоомжилж тусгайлан ажлын хэсэг байгуулж байгаа юм.” хэмээн ажлын хэсгийн зорилгыг тэрээр товч тодорхойлсон нь Монголын төр бодлоготой, алсын хараатай, чадварлаг хүндээ эрхийг нь үүргийн хамт өгсөн гэдгийг харуулж байна.  

Янз бүрийн хэрэг төвгийг ухаж гаргаад, дэлгэж тавиад байхаар зарим хүмүүс “Энэ хүн намын эв нэгдлийн эсрэг яваад байна” гэж “шивнэлдэх” нь бий гэнэ. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ үүнд “Хэн нэгний захиалгаар,  бусдыг буруутгахад  амьдралын цагаа үрэх хүн би биш. Би өөртөө зөв гэж бодсон зүйлээ хэнээр ч хамааралгүйгээр хийдэг. Цаашид ч хийнэ. Больчих шиг амархан юм алга. Гэхдээ би хийх ёстой” гэсэн хариулт өгсөн байдаг.

ХЭРЭГГҮЙ ХЭРҮҮЛЭЭ ЗОГСООЖ, АЖЛАА ХИЙЦГЭЭЕ!

Түүний сонгогдсон Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох зорилгоор ихээхэн хэмжээний мөнгө төсөвлөсөн. “Их мөнгийг дэмий үрэх гэлээ” гэх явган ярианд тэрбээр хариулт өгөхдөө “ӨМӨЗО гэхэд олон сая ам.долларын хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын цогцолбор байгуулсан. Гэтэл бид 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг анх удаа Монгол Улсад авч байна. Тэгсэн хэр нь үүнийхээ эргэн тойронд маргаан болгож байгаа нь харамсалтай” гэжээ. 

“Тамхи, архи, уул уурхай, төрөөс бараа, үйлчилгээ авдаг компаниудыг улс төрч удирдвал арилжааг төлөөлөхөөс биш ард түмнийг төлөөлөхгүй. Энэ бол манай улс төрийн гунигт зураглал. Эрх мэдэл, мөнгө ойрхон байх тусам төр булингартдаг. Эрх мэдэл, шинжлэх ухаан ойртох тусам хөгжил ирнэ” гэж Л.Оюун-Эрдэнэ бодож, үүний төлөө ажиллаж яваа.

Тэрбээр байсхийгээд сонгогдсон тойргоо эргэж, ард иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсдог. 21 насандаа унаган Бэрхийнхээ Тамгын газрын дарга хийж явсны хувиар нутаг орныхоо асуудлыг сайн мэднэ. “Эргэх холбоо” хөгжлийн хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлж, олон ажил санаачлан бүтээж, үр шимээ өгсөөр байна.  

Л.Оюун-Эрдэнэ сумын Тамгын газрын даргаас Засгийн Газрын үйл ажиллагааг зангидсан чухал даргын ажлыг гардан хийтлээ Австрали, Америкийн нэр хүндтэй, чанартай сургуульд эрдэм мэдлэг, сэтгэхүйгээ тэлж, нүдээ нээсэн Монголын улс төрийн нэгэн тод өнгө, ирээдүйн хөгжил рүү хөтлөн тэмүүлэх хүч болон манлайлж  байна.  

Vip76.mn