Байгалиасаа заяасан төрийн түшээ
Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.
Өнөөдрийн онцолж буй түшээ бол Монгол Улсын Их Хурлын Гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Монгол төрийн нэрт Зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн хэлэхдээ, “Б.Бат-Эрдэнэ бол төрдөө данстай, төр нь энэ хүн дээр түшиж босдог, жинхэнэ байгалиасаа заяасан төрийн хүн.” гэж хэлсэн.
Учир нь Монголын төрийн үйл хэрэгт 15 жил тасралтгүй гар бие оролцож, улс орны эрх ашиг, нутаг усныхаа төлөө үгээ хэлж байдаг учраас түүнийг ингэж онцолсон бизээ. Төрийн түшмэдийг олж сонгож, хүмүүжүүлж, төлөвшүүлнэ гэдэг бол төрийн маш чухал үүрэг. Тэгвэл Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ энэ шалгуурт нийцсэн цөөхөн гишүүдийн нэг яах аргагүй мөн.
Монголын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл Хэнтий нутгийнхаа зон олны итгэлийг дааж, эх орон, байгаль дэлхий, газар шороогоо хайрлан хамгаалахыг гол зарчимаа болгон ажиллаж яваа түүний үйл хэрэг өдгөө ч үр дүнгээ харуулсаар байна. 2009 онд Урт нэртэй буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг санаачлан батлуулж, уул уурхайн замбараагүй олгосон лиценз зөвшөөрлөөс гол ус, ойн сангаа хамгаалж үлдсэн бол Их Эзэн чингис хааны өлгий болсон Хан Хэнтий нутгаа түүхэн аялал жуулчлалын бүс болгож чадлаа.
Газрын хэвлийн баялаг нь ард түмний өмч учраас эрх мэдэлтнүүдийн ашиг бус бүх нийтээрээ тэгш хүртэх боломжийг бий болгох ёстой гэдэг зарчмыг Б.Бат-Эрдэнэ чанд баримталдаг. “Нийгмийн баялгийн тэгш хуваарилалтын зарчим алдагдлаа. Баян хоосны ялгаа их болсон. Газрын хэвлийн баялаг, стратегийн ордууд цөөхөн хэдэн гэр бүлийн ашиг болоод өнгөрлөө.” гэсэн байр суурийг тэрээр олон удаа илэрхийлж, энэ байдлыг засахын тулд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг, тэр дундаа байгаль орчин, баялагийн хуваарилалттай холбоотой бүх хурлуудад оролцож төрийн бодлогын алдааг засахаар тууштай ажиллаж, түүний санаачилгаар “байгалийн баялаг нь нийтийн өмч мөн” гэж оруулаад байна.
Б.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн хүн ёс зүйн хамгийн дээд түвшинд хүрч ажиллах ёстой гэж үздэг. Тиймээс УИХ дахь Ёсзүйн дэд хороог удирдаж байна. Энэ хугацаанд тэр дарга шиг дарга байх гэж хичээж байна. Дэд хорооны есөн гишүүнээ бусаддаа үлгэр жишээ байх ёстой гэсэн шаардлага тавьж, энэ эрч хүчээрээ парламент дотор бугшсан олон идээ, бээрийг шахаж гаргана гэдгээ ч хэлсэн.
Б.Бат-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаануудад үг хэлэхдээ төрийн түшээ хүн ёс суртахуунтай байж, хариуцлагатай, тэвчээртэйгээр асуудалд хандах ёстойг байнга хэлдэг. Энэ бол түүний төрийн түшээ болсон 15 жилийн хугацаанд чандлан баримталж ирсэн зарчим.
УИХ-ын гишүүнээс эхлээд Монгол Улсын Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа түүний санаачлан батлуулсан, ажлын хэсгийг ахлан ажилласан хууль чамгүй их.
Эдийн засгийн уламжлалт гол салбар болох мал аж ахуйг онцгой анхаарч, малчдын амьдрал, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, мал маллах арга ухааныг өвлүүлэх чиглэлд Б.Бат-Эрдэнэ гишүүн байр сууриа илэрхийлээд зогсохгүй эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр “Монгол Мал” үндэсний хөтөлбөрийг 2010 онд санаачлан батлуулсан
Тэрээр сонгогдсон тойрогтоо Монголын Эзэнт гүрний уламжлалт Аравтын зохион байгуулалтыг хэрэгжүүлж, тойргийнхоо иргэн бүрийн санал сэтгэгдэл, шинэ санаачилгыг сонсон, өөрийн ажилдаа зарчим болгон явдаг нь бусад тойргуудаас нэн онцлог юм. Ингэснээр хамтаараа нэгдэн, өөрсдийн амьдарч буй нутаг, баг, сумандаа бүтээн байгуулалт хийж, шинэ санаачилгаа хэрэгжүүлэх боломжтой болж байна. Жишээ нь нэг айл нь бяслагаа шахаж, нөгөө нь ааруулаа тавьж, өөр нэг айл нь хайлмагаа хийх гэх мэтээр хөдөлмөрөө хоршиж, бүтээмжээ нэмэгдүүлсэн сайн туршлага байна.
Тэрээр монгол улсын нийтлэг эрх ашгийн төлөө, хуулийн хүрээнд ажиллаж, ард түмний элчийн үүргээ төрийн дээд түвшинд амжилттай хэрэгжүүлж яваа төр түмэндээ үнэлэгдсэн түшээ юм.
vip76.mn