А.Ундраа: Монгол Улсын иргэн орон нутгаа хамгаалах томилгоот үүрэгт бэлэн байх ёстой
2020.03.19

А.Ундраа: Монгол Улсын иргэн орон нутгаа хамгаалах томилгоот үүрэгт бэлэн байх ёстой

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Орон нутгийн хамгаалалтын тухай хууль иргэний “Эх орноо хамгаалах” Үндсэн Хуулийн заалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлдэг хууль. Энэ хуулийн ажлын хэсэгт та байсан. Ер нь уг хуулиар ямар харилцааг зохицуулдаг юм бэ?

-Энэ хуулийн зорилго бол улсын батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, орон нутгийн хамгаалалтын зарчим болон зохион байгуулалт, үндсэн арга хэмжээ, орон нутгийн хамгаалалтын нөөц, төлөвлөлт, сургалт, удирдлага зэрэг асуудлуудыг энэ хуулиар зохицуулна. Энэ хууль батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, тэр дундаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яам зэрэг бие бүрэлдэхүүн үндсэн чиг үүргээ гүйцэтгэхээс гадна, үүнд иргэд, аж ахуйн нэгж зэрэг тал бүрийн оролцоог бэхжүүлэх, нэмэгдүүлэх, залуу хойч үе, иргэдийн цэрэг, эх оронч үзлийг бэхжүүлэхэд энэ хуулийн амин сүнс оршдог.

-Сум дүүрэгт орон нутгийн хамгаалалтыг энэ хуулиар хэн зохион байгуулдаг вэ. Хуульд зааснаар ямар арга хэмжээ авдаг вэ?

-Орон нутгийн хамгаалалтын удирдлагыг УИХ-ын бүрэн эрх, Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Засгийн газрын бүрэн эрх, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх зэрэг хэсгүүдэд хувааж, удирдлагыг зохион байгуулж байгаа. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Батлан хамгаалах яамны эрхлэх ажлын хүрээнд асуудлуудыг тусгаснаас гадна, орон нутгийн түвшинд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаар буюу аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд тусгаж өгснөөр энэ үйл ажиллагаа зохицуулагдаж байгаа юм.

Аймаг нийслэлийн Засаг дарга орон нутгийн хамгаалалтын талаарх хэрэгжүүлэх бүрэн эрхэд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулна. Мөн аймаг нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах ажлыг удирддаг.

Түүнчлэн сум дүүргийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг батлах, орон нутгийн хамгаалалтын хүч хэрэгслийг томилгоожуулах, хамгаалалтын нөөцийг бүрдүүлэх, иргэн хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, техник материал хэрэгслийг даалгаваржуулах зэрэг ажлыг орон нутгийн буюу аймаг нийслэлийн Засаг даргын түвшинд шийдвэрлэж байгаа.

-Орон нутгийн хамгаалалтад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг хэрхэн зааж өгсөн бэ?

-Томилолт нэгжийн бүрэлдэхүүн болон ажилтныг үүрэг гүйцэтгэх боломжоор хангах, орон нутгийн хамгаалалтын сургалт зохион байгуулалт, бусад арга хэмжээнд хамруулах, аймаг нийслэлийн Засаг даргаас тогтоосон даалгаврыг биелүүлэх, төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ гүйцэтгэх зэрэг нь хуулийн этгээдийн үүрэг болж тусгагдсан.

-Иргэний үүрэг нь юу байдаг вэ?

-Монгол Улсын иргэд орон нутгаа хамгаалахад орон нутгийн хамгаалах, томилгоот үүргээ биелүүлэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Түүнчлэн томилгоот үүргээ гүйцэтгэх, сонор сэрэмжтэй байх, аюул заналын талаар холбогдох байгууллагад цаг тухайд нь мэдээлэх, орон нутгийн хамгаалалтын сургалтад идэвхтэй оролцох зэрэг ажлыг иргэний үүргийнхээ хүрээнд хуулиар хийхээр байгаа.

-Тайван цаг болон дайны цагт энэ хууль хэрхэн үйлчилдэг вэ?

-Орон нутгийн хам-гаалалтын үндсэн арга хэмжээг хоёр хэсэгт хувааж байгаа. Нэгдүгээрт, энэ хуулийн 8.2-т зааснаар орон нутгийн хамгаалалтын тайван цагийн үндсэн арга хэмжээ, 8.3-т орон нутгийн хамгаалалтын онц болон дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээ гэж хоёр хэсэгт тусгасан байгаа. Тайван цагт эдийн засаг, нийгмийн бие даасан тогтвортой хөгжлийг хангах, орон нутгийн хамгаалалтыг төлөвлөх, нөөцийг бүрдүүлэх, бэлтгэл хангах, зохион байгуулах, аливаа уламжлалт бус аюулаас хамгаалах, иргэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, иргэний эрүүл мэнд, боловсролыг дэмжих зэрэг үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна. 8.3-т заасан орон нутгийн хамгаалалтын дайны үеийн үндсэн арга хэмжээ, онц байдлын үеийн арга хэмжээтэй адилхан. Дайны үеийн үндсэн арга хэмжээ нь орон нутагт онц болон дайны байдлын үед тогтоосон дэг журмыг сахиулах, орон нутгийн хамгаалалтын томилгоот хүч хэрэгслийг эмхлэн байгуулах, иргэд Засаг захиргаа эдийн засаг нийгмийн чухал объектыг хамгаалах, дайсан этгээдийн тагнуул, хорлон сүйтгэх террорист бүлэгтэй тэмцэх, Зэвсэгт хүчний цэргийн нэгтгэл, анги байгууллага, салбарын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гамшиг, хөнөөх эрсдэлийн нөлөөнөөс иргэд, эд хөрөнгийг авран хамгаалах, хүн амын амьжиргааны зайлшгүй хэрэгцээт зүйлийг хангах зэрэг үйлсийг иргэд дайны болон онц байдлын үед авч хэрэгжүүлнэ гэж заасан.

-Одоогийн коронавирусийн нөхцөл байдалд энэ хуулийн зохицуулалт үйлчлэх үү. Монгол Улсын урьдчилан сэргийлэх болон гамшгийн асуудал дээр яаж ажиллах вэ. Энэ хүрээнд уг хууль үйлчлэх үү?

-Өнөөгийн нөхцөл байдал гамшгаас хамгаалах тухай хуулиар тэр дундаа нөхцөл байдлыг хэд хэдэн хэлбэрээр тогтоож болно. Онц байдлын байгууллага, гамшгаас хамгаалах алба зэрэг төрийн захиргааны байгууллагууд нь төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд нь нэгдүгээрт, өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал зэрэг нөхцөл байдалд энэ хууль үйлчилнэ. Тэгэхээр гамшгаас хамгаалах хуулийн өндөржүүлсэн бэлэн байдлаар өнөөгийн нөхцөл байдал зохицуулагдах юм.

Гэвч Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн зарим зохицуулалт коронавирусийн асуудлыг зохицуулахад хэрэглэгдэж болохуйц байгаа. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдал Орон нутгийн хамгааллын хуулийн хооронд уялдаатай журам гаргаж, үүнийг нарийн зохицуулах шаардлагатай.

-Орон нутгийн хамгаалалт зэвсэгт хүчний үйл ажиллагаатай хэрхэн уялддаг вэ. Улс, цэргийн дайчилгааны бодлого, төлөвлөгөөг тусгадаг уу?

-Хуулийн үйлчлэх хүрээ болон хуулийн зарчимд тусгагдсан байгаа. Орон нутгийн хамгаалалтын хууль тогтоомж нь Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад хэсгээс бүрдэнэ. Түүнчлэн батлан хамгаалах тогтолцооны нэгдмэл байдлыг хангахад орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй хууль байгаа. Орон нутгийн хамгаалалтын зарчим нь төрийн удирдлагын хяналтад байх батлан хамгаалах бодлогод нийцэхээс гадна, уламжлалт ба уламжлалт бус аюулаас урьдчилан сэргийлэхийг нэн тэргүүнд тавьж, нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагддаг үйл ажиллагааг зохицуулж байгаа. Мэдээж зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хэсэг биш зэвсэгт хүчний гадна байгаа буюу орон нутагт байгаа аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс, иргэдийг улсаа батлан хамгаалах үйлсэд оролцоход зориулагдах хүчийг зохицуулах зорилготой хууль юм. Тэгэхээр улсын хэмжээнд орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг болон үйл ажиллагааг зохион байгуулах нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж байгаа боловч, орон нутгийн түвшинд аймаг нийслэлийн Засаг дарга удирдан зохион байгуулахаар өөрөөр хэлбэл иргэдийн цэрэг, эх оронч үзлийг дэмжсэн, иргэдийн оролцоот батлан хамгаалах бодлогын амин чухал хэсэг гэж харж болно.

-Орон нутгийн хамгаалалтын сургалт хууль батлагдсанаас хойш зохион байгуулагдсан уу. Орон нутгийн хамгаалалтын сургалтыг хэн хариуцдаг вэ?

-Хуулиараа чиг үүргийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтан, иргэд, хуулийн этгээд орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийг бэлтгэх зорилгоор аймаг нийслэлийн Засаг дарга шат дараалсан сургалтыг зохион байгуулж явуулна. Сургалт нь дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагдахаар хуульд туссан. Энэ бол аймаг нийслэлийн Засаг даргын болон орон нутгийн томилгоот нэгжийн удирдах бие бүрэлдэхүүн бусад албан тушаалтны сургалтуудыг дөрвөн жил тутамд нэг удаа цугларалтаар зохион байгуулна. Тэгэхээр энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2018 оны зургадугаар сарын 27-ноос хойш жил гаруйн хугацаанд аймаг, нийслэлийн Засаг даргын удирдлагаар ийм сургалт зохион байгуулагдаж эхэлсэн байх учиртай.