Ж.Ганбаатар: МАН-ын шинэ байрыг иргэддээ нээлттэй, хэрэгцээтэй газар болгохыг зорьж байгуулсан
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна.
Та Баянгол дүүргийн МАН-ын хорооны даргаар ажилладаг. Хэчнээн гишүүнтэй вэ?
-Би Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга болоод гурван жил гаруй болж байна. Манай МАН-ын хороо 8000 орчим гишүүнтэй, бусад дүүрэгтэй харьцуулахад манай гишүүд цөөн.
Дүүргийн хүн амын тооноос хамаардаг байх
-Тийм. Манай дүүргийн нийт сонгогчдын тоо ойролцоогоор 150 мянган хүн. Нийт хүн ам 260 мянга орчим байх. МАН-ын гишүүд бол тэдний 2,5 орчим хувь. Би анх дүүргийн МАН-ын даргаар сонгогдсон хурал дээрээ намын байртай болгоно гэж амласан. Гишүүдийн татвар, хураамж бага, нам бол ер нь санхүүжилтгүй шүү дээ. Татвар, хураамжийг заавал өгөх шаардлагатай гэдэггүй, сайн дурын үндсэн дээр хураадаг. Маш бага хэмжээний татвар цуглардаг гэсэн үг. Баянгол дүүрэг хойгуураа гэр хороололтой.
Тэр гэр хороолол дунд дүүргийн МАН-ын хоёрдугаар байраа өөрийнхөө хувийн хөрөнгөөр барьсан. Ойролцоогоор 807 сая төгрөгийн хөрөнгө оруулсан. Газрыг нь хүмүүсээс худалдаж аваад, хүүхэд тоглох, хөгшчүүл нарлах талбайтай байр болсон. Иргэддээ нээлттэй, хэрэгцээтэй газар болгохыг зорьж байгуулсан. Манай дүүрэг 23 хороотой. Тэднээс дөрвөн хорооны МАН-ын үүр тэнд байрлаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ер нь МАН-ын хороод ахмадууд руугаа анхаараад залуучууд орхигдоод байна гэсэн шүүмжлэл гардаг. Тэгэхээр залуучууд руу хандсан ажил хийх гэж нэлээд явсан. МАН-ын хорооноос тодорхой ажлууд хийж байгаа.
Залуу гишүүд хэр олон байна?
-Сүүлийн үед МАН-д залуучууд элсэх нь ихэссэн шүү. Залуусын нийгмийн идэвх дээшилсэн. Нэг үе намд элсдэг хүмүүс цөөрч байснаа больсон. Намын хуралд дандаа л настай хүмүүс сууж байдаг байсан бол залуус идэвхтэй болсон байна.
Сонгуулийн санал хураалтад залуучууд тааруу оролцдог. Ирэх сонгуулиар залуус аль зэрэг идэвхтэй санал өгнө гэж та үзэж байгаа вэ?
-Миний бодлоор 2020 оны УИХ-ын сонгуулийн ирц өндөр байх болов уу. Улс төрийн сэдвээр телевизүүдээр ч их ярьдаг болж. Сошиалаар ч их бичилцдэг болж. Хүмүүс улс төрийн асуудлаар хоорондоо их хэлэлцдэг болж. Ер нь хүмүүс улс төрийн талаар идэвхтэй болсон. Энэ сайн ч талтай, муу ч талтай. УИХ-ын гишүүдийг танихгүй хүнгүй болж. Намайг гэхэд 2016 оноос өмнө хүн таньдаггүй байсан. Би гурван охин, нэг хүүтэй. Хүү маань зургаан настай. Нэг удаа би хүүгээ тэврээд, малгайтай цамц өмсчихсөн, нүдний шилтэй явж байгаад нэг хаалга буруу татчихгүй юү. Тэгсэн хажууд зогсож байсан хоёр залуу “Гишүүн ээ, энэ хаалга шүү дээ” гэдэг юм. Бүр хаа хамаагүй өөр дүүрэгт шүү дээ. Зангиатай, хослолтой явж байсан бол өөр л дөө. Арай танил царай харагдана. Гэтэл нүдний шилтэй, малгайтай цамцтай явж байхад хүмүүс таниад байгаа нь манайхан улс төрийн талын мэдлэг, сонирхол ихтэйг харуулж байгаа юм.
Монголчууд бараг бүгдээрээ улс төр сонирхдог, улстөрчид шүү дээ?
-Харин тийм. Би Германы нэг бизнесментэй уулзаж байлаа. Тэгэхэд би Германы улс төрийг тэр хүнээс илүү мэдэж байгаа юм. Ерөнхийлөгч, Канцлер юу хийсэн, Ногоон нам, хуучинсаг нам, шинэчлэгч нам нь ямар болох, тэр сайд тэрний, энэний хүн, юу юу ч гэдэг юм. Түүнийг би илүү сайн мэдэж байсан. Тэгэхэд нөгөө Герман хүн их гайхсан. Тэр өөрөө нийгмийн идэвх сайтай томоохон бизнесмен хүн шүү дээ. Гэтэл улс төрийн талын мэдлэг маш багатай. Энэ нь буруу биш, бүх анхаарлаа өөрийнхөө ажил, бизнест л хандуулдаг гэсэн үг. Тэр нь ч зөв.