С.Эрдэнэ: Эрх баригчид хэд хэдэн хууль зөрчиж УИХ-ын  сонгуулийн тойрог, мандатыг хуваарилсан
2020.02.03

С.Эрдэнэ: Эрх баригчид хэд хэдэн хууль зөрчиж УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг хуваарилсан

ЭХ СУРВАЛЖ: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

-УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана-

УИХ-ын гишүүн С.Эрдэнээс УИХ-ын сонгуулийн тойрог мандатын хуваарилалт болон цаг үеийн үйл явдлын талаар тодрууллаа.

-УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг хийсэн. Үүнийг хэр оновчтой хийсэн үзэж байна вэ?

-Үндсэн хуульд УИХ гишүүн бол ард түмний элч төлөөлөгч мөн гэж тодорхойлсон байдаг. Гэтэл УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг хуваарилахдаа хүн амын тоог нэгдүгээрт авч үзсэнгүй. УИХ нь сонгогчдын төлөөллийн байгууллага. Тэгэхээр газар нутгийг хуваарилдаг байгууллага биш. Монгол Улсын гурван сая гаруй иргэний хоёр сая гаруй нь сонгуулийн насных. Тэднийг төрд төлөөлж, төрийн бодлогыг тодорхойлох гэж сонгогдож буй 76 хүн бол нэгдүгээрт, тэнцүү эрхтэй байх ёстой. Хоёрдугаарт, төлөөллийн зарчим шударга байх учиртай. Хөдөө орон нутагт 15-25 мянган сонгогчдод нэг мандат ногдож байгаа. Улаанбаатар хотод 40-50 мянган сонгогдод нэг мандат ногдож буй юм. Эрх баригчид ийм тэнцвэртэй бус байдлаар асуудлыг шийдлээ. Энэ нь маш буруу хандлага гэж харж байна. Ер нь эрх баригчид нийслэлд хүнийрхүү, хүйтэн хөндий байдлаар хандаж байгаа. Тухайлбал, 2020 оны улсын төсөв батлахад нийслэлийн хөрөнгө оруулалтыг бараг тэр чигээр нь хассан. Нийслэлд өөрийн гэх хөрөнгө үлдээгээгүй. Тэгвэл өнөөдөр УИХ-ын сонгуулийн 28 мандатын дөрвийг нь хасч орон нутаг руу шилжүүлсэн. Дээр нь засаг захиргааны нэгдмэл байх зарчмыг эвдсэн. Үндсэндээ хоёр том дүүргийг дотор нь хоёр тойрог болгон задалсан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн зүйл болж байгаа юм. Энэ мэтчилэн олон удаа хууль бус үйлдэл гаргаж УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт хийсэн гэж УИХ дахь Ардчилсан намын зөвлөл үзэж байна.

-Одоо энэ асуудлыг, алдаа дутагдлыг нь засч залруулах ямар боломж байгаа вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтад хориг тавих байх гэж харж байгаа. Яагаад гэвэл хэд хэдэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн. Ийм учраас Ерөнхийлөгч алдааг нь засч, асуудлыг зөв болгох байх гэж найдаж байна. Мөн УИХ дахь Ардчилсан намын зөвлөл уг асуудлыг орхихгүй Үндсэн хуулийн Цэцэд хандана гэсэн бодолтой ажиллаж байгаа. Ер нь хүний заяагдмал эрх гэж бий. Аль улс оронд амьдарч байхаас, нийгмийн ямар гарал үүсэлтэйгээс үл хамаарч сонгох, сонгогдох явдал хүний суурь эрхийн нэг байдаг. Гэтэл монголчуудын сонгох эрхэд халдаж нийслэлийн иргэдийн сонгох эрхийг хязгаарлаж байна. Энэ бол байж болохгүй хууль бус үйл ажиллагаа юм.

-Үндсэн хуулийн Цэцэд УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын асуудлаар хандахад сонгууль явуулах цаг хугацаа, ажилд нь нөлөөлөх үү?

-Сонгуульд нөлөөлөхгүй. УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сард болно. Тэгэхээр гарфикийн дагуу ажлаа хийгээд явж байхад Үндсэн хуулийн Цэцэд үүсгэсэн маргаан сонгууль явуулахад сөрөг нөлөөлөхгүй. Яагаад гэвэл тойрог, мандатын хуваарилалт яг сонгууль явуулах үед л үйлчилнэ. Түүнээс биш наана үйлчлэхгүй.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэгэхээр өөрөө өргөдөл гаргаж чөлөөлөгдөх хүсэлт тавьсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны чөлөөлөхийг дэмжсэн шийдвэр дундаа хаягдчихаж байна уу?

-Эрх баригчид энэ асуудлаар их ойлгомжгүй үйл ажиллагаа явуулсан. Эхлээд нууц санал хураалтаар түдгэлзүүлнэ гэж шийдсэн. Тэгээд тэр нууц санал хураалтаа баталгаажуулах тогтоолоо батлахгүй гэдэг санал өгч хуулийн гацаа үүсгэсэн. Улсын Их Хурлын Дэгийн тухай хуульд энэ талаар ямар нэг зохицуулалт байхгүй. Ийм нөхцөл байдал үүссэн үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. УИХ-ын Төрийн байнгын хороо тэр асуудлыг нь хэлэлцээд дэмжсэн шийдвэр гаргасан. Гэтэл анхны санал хураалтаа хүчин төгөлдөр болгоно гэдэг байдлаар түдгэлзүүлнэ гээд баталсан. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо чөлөөлөгдөх өргөдлийг нь хүлээж аваад тогтоол гаргасан. Энэ байнгын хорооны тогтоол, шийдвэрийг хүчингүй болголгүй орхилоо. Төрийн нэг институц, УИХ-ын бүтцийн байгууллагын гаргасан, шийдвэр, зөрчлийг хэрхэн засах ажлыг УИХ-ын Тамгын газар, хуулийн хэлтсийнхэн хийх байх гэж бодож байна.

-Түдгэлзүүлэх, чөлөөлөх гэдгийн ялгаа нь юу юм бол?

-Түдгэлзүүлнэ гэдэг нь гэм буруугаа шалгуулаад гэм буруугүй гэж тогтоогдох юм бол буцаад УИХ-ын гишүүний бүрэн эрхээ сэргээгээд ажилдаа орно гэсэн үг. Өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдөх гэдэг нь УИХ-д дахиж орж ирэхгүй бүрмөсөн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөнө гэж ойлгох ёстой. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн учраас хуулийн байгууллага гэм буруутай эсэхийг нь шалгаж шийдвэр гаргах байх.