Аймгуудыг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулна
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.01.28) хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэв.
Төсөлд ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” төхөөрөмж хэрэглэхээр тусгасан байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын төслийг танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат санал тоолох автомат төхөөрөмж хэрэглэх явцад буруу тоолсон тохиолдолд гарч байсан эсэхийг тодруулав. Санал тоолох автомат төхөөрөмжийг 2012 оноос хойш УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр, ерөнхийлөгчийн хоёр сонгуулиар ашигласан байна. Мөн нөхөн сонгуульд ашиглаж буй юм. Өмнөх сонгуулиудаар алдаа, дутагдалгүй тоолж байсан нь хяналтын тооллогоор баталгаажиж байсан гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ.
Уг төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.